
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 70 гаруй үзмэр бүхий музейг дахин сэргээсний ёслол Монголын зохиолчдын эвлэлийн ордонд өчигдөр боллоо.
Д.Нацагдоржийн гэр музейг анх 1966 оны наймдугаар сарын 14-нд нээж байжээ. Нийгмийн шилжилтийн үед музейн барилгыг өргөтгөх шалтгаанаар татан буулгаж үзмэрүүдийг Зохиолчдын эвлэлийн ордонд шилжүүлж байж.
Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзаяа төсөл боловсруулж төр засгаас дэмжлэг аваад их зохиолчийн нэрэмжит үндэсний уран зохиолын түүхийн музейг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулахыг зорьж буй тухай дуулгасан юм.
Д.Нацагдоржийн музейн тайлбарлагчаар ажиллаж байсан Б.Жавзандулам 12 жилийн турш бурхныхаа авдарт хадгалсан их зохиолчийн Германд сурах үедээ өмсч явсан монгол ямбуу цамц, “Учиртай гурван толгой” дуурийг анх тоглоход хэрэглэж байсан Юндэн, хөөрөгний даалин, аяганы уут зэргийг музейд эргүүлж өгсөндөө баярлаж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!