УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдах гэж буйтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Г.Уянга, байгалийн баялгийг шударга хувиарлах зарчим алдагдсаны дээр маргаантай байгаа лицензийн асуудал одоо болтол шийдэгдээгүй атал “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах гэж яарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр өнөөгийн парламентад зөвшилцлийн хэлбэр алдагдаж буйг онцлохын зэрэгцээ зарим улстөрчид аль нэг уул уурхайн компанийн халхавч болж ашигтай байх бүхий л нөхцөл боломжоор нь хангаж байгааг шүүмжлэв.
УИХ-ын дэд дарга Л.Цог байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд байх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон гэдгийг энэ үеэр онцлоод Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу байгалийн баялгаас ард түмэн хувь хүртэж чадах эсэх нь тодорхойгүй байна.
УИХ-ын гишүүд бол монголын ард түмнийг төлөөлж байгаагийн хувьд үүнд хяналт тавьж байх ёстой. “Шударга- ёс” эвслийн өмнөө тавьсан олон чухал зорилтын нэг нь ард түмнээ парламтентад бүрэн төлөөлөх, хяналт тавих явдал хэмээв.
Засгийн газар "Газрын тухай" хуулийн төслийг татсан шигээ “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бас татаж авах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа Г.Уянга гишүүн дуулгалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!