Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн хуулиуд

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

- УИХ-ын Байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар дараах хоёр хуулийн төслийг чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэж үзжээ -

Үндэсний их баяр наадмаар тав хоног амрах үгүйг шийднэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг.

Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.



Оператори компаниа солихдоо өөрийн эзэмшиж буй утасны дугаараа өөрчлөхгүйгээр шилжих үйлчилгээг нэвтрүүлэх тухай
 

Эдийн засгийн байнгын хороо хуралдан Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Мөн зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг ажлын хэсгээс гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуулийн төсөлд үүрэн утасны оператор компаниа сольсон ч дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах харилцааг зохицуулахаар тусгасан.

Ингэснээр үүрэн холбооны хэрэглэгч оператори компаниа солихдоо өөрийн эзэмшиж буй дугаараа өөрчлөхгүйгээр шилжихийг энэ хуулиар зохицуулах юм.