“Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлын нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Хурлыг БОНХЯ, Турк улсын Ататуркийн нэрэмжит Их сургуулийн дэргэдэх “Торгоны замын дагуух Евро-Азийн их сургуулиудын консерциум” хамтран зохион байгуулж байна.
Тус консерциум нь өөртөө Турк, Итали, Энэтхэг, Хятад, Малайз, Бангладеш, Монгол гэх мэт 30 гаруй орны 150 гаруй их, дээд сургуулийг нэгтгэсэн байгууллага ажээ.
Уг байгууллага жил бүр гишүүн их, дээд сургуулиа түшиглэн олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай юм байна.
Өнгөрсөн жил “Соёл Эрдэм” дээд сургууль тус байгуулагад нэгдсэнээр “Уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг манай оронд зохион байгуулах боломжтой болжээ.
“Соёл Эрдэм” дээд сургуулийн захирал С.Төмөр-Очир хэлэхдээ “Орчин үед их сургуулиуд зөвхөн мэргэжилтэн бэлддэг тогтолцоотой их сургуулиас судалгааны их сургууль болон хувьсаж хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засгийн байдалд анхаарал хандуулдаг болж байгаа юм” гэлээ.
Энэ жил дэлхий дахины сэтгэлийг зовоож буй уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаварыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэх бөгөөд хуралд оролцохоор 70 гаруй эрдэмтэн судлаачид ирсэн байна.
“Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бол зөвхөн нэг улс орны бус дэлхий нийтийн асуудал болж байгаа учраас энэ удаагийн хурлын гол сэдэв болоод байна. Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт нилээн эрчимтэй явагдаж байгаа улс орнуудын тоонд багтаж байгаа. Тиймээс энэ хурлаар уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн сааруулах, зогсоох талаар ярилцана” хэмээн БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан тусгай элч доктор Д.Дагвадорж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!