ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гарамгайбаатар: Дарамталсан мессеж явуулсан нөхдийг хуулиар шийдвэрлүүлнэ

ikon.mn
2014 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Газрын тухай хуулийн төсөл өргөн баригдан хэлэлцэгдэж байгаатай холбоотой иргэдээс маш олон дарамталсан мессеж ирж байгаа талаар хэлээд, Газрын багц хуулийн төсөлд орж байгаа гол өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм. 

Тэрбээр "Газрын үнэлгээний тухай хууль” болон “Газрын улсын мэдэлд эргүүлэн татах тухай” хуулиудаар зохицуулагдвал зохих газрын нөхөн олговорын үнэлгээ болон нийтийн эрх ашгийн үүднээс “газрыг төрийн мэдэлд эргүүлэн авах” зэрэг асуудлыг харьцангуй иж бүрэн байдлаар “Газар албадан чөлөөлөх тухай “ хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн. 

Газрын тухай хууль, Газар албадан чөлөөлөх хуулиудын төслийг “Өдрийн сонин”-д нийтэлж, багц таван хуулийн төслийг байгууллагын вэб сайтад байршуулан иргэдийн санал авсан бөгөөд зургаан удаа томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулсан" гэсэн юм.

Мөн ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар энэ хуулиар газрыг зөвхөн зориулалтын дагуу ашигладаг байх зохицуулалтыг хийж байгаа гэлээ. Түүнчлэн гадаадын иргэдэд зөвхөн оршин суух зорилгоор таван жилийн хугацаатай газар ашиглуулах, нэг удаа таван жилээр сунгах гэсэн заалт одоогийн мөрдөгдөж байгаа хуулинд бий гэдгийг хэлээд, тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсад халгаатай хууль батлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэе гэсэн.

Үүгээр зогсохгүй дарамталсан мессеж явуулаад байгаа хүмүүсийг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр хүсэлтээ өгөх гэж байгаагаа дуулгасан юм.