Монгол Алтайн ай сав газраас олдсон, 1400 жилийн настай “Алтай ятга” хэмээн өргөмжлөгдсөн чавхдаст хөгжмийн хөг аялгууг Монголд дахин дуурьсгах их ёслолын ажиллагаа энэ сарын 16-нд АСА циркэд болсон.
Эртний нүүдэлчдийн соёлын хосгүй өв болох уг олдворыг Монгол-Германы археологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сэргээн засварласан юм.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ онд тус хөгжмийн зэмсгийн хөг аялгуу Монголд дахин дуурьсаж буйг бэлгэшээн дээрхи ёслолын ажиллагааны үеэр Алтай ятгыг Монгол, Германы соёлын харилцааны бэлгэ тэмдэг хэмээн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Тийдеманн нар албан ёсоор зарлаж, батламж олгов.
Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас 2008 онд археологийн малтлагаар олдсон эртний нүүдэлчдийн чавхдаст хөгжмийн энэхүү зэмсэг нь VII зуун буюу эртний Түрэгийн үед хамаарах энэ төрлийн хөгжмийн зэмсгийн Монголоос олдсон анхны олдвор юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!