
Эрхэм уншигч танд манай сонин “Иргэний индэр” булангаа хүргэдэг билээ. Энэ удаа “Зууны мэдээ” сонины хаягаар ЭМШУИС, Био-АС, Анатомийн тэнхимийн Б.Өнөржаргал, Д.Амгаланбаатар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эрчүүдийн эрхийг хамгаалах холбооноос захидал ирүүлснийг тоймлон хүргэж байна.
- Шилжилт хөдөлгөөний бүтээл хийлгэж хаягийн өөрчлөлт гарвал яах вэ? Цахим үнэмлэх дээрх хаяг өөрчлөгдөх үү?
Хэнтий аймгийн иргэн Р.Цэнд
-Өнөөдрийн байдлаар шилжилт хөдөлгөөн хийлгэсэн иргэдэд шилжилт хөдөлгөөнийг хийсэн хаягийн лавлагаа олгож байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн нэг засаг захиргааны нэгжээс нөгөө засаг захиргааны нэгжид шилжин суурьшиж хаягийн хөдөлгөөн хийлгэсэн тохиолдолд хаягийн хөдөлгөөн хийлгэсэн тухай үнэт цаасан дээр лавлагаа олгож байгаа. Тиймээс иргэний цахим үнэмлэх дээрх хаяг өөрчлөгдөхгүй. Харин шилжилт хөдөлгөөн хийлгэчихээд цахим үнэмлэхээ хаясан тохиолдолд цахим авах цахим үнэмлэхийн хаяг сүүлийн хаягаар хэвлэгдэж гарна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сургалт, сурталчилгааны төвийн ахлах ажилтан Ч.Нямцэцэг
НОТАРИАТ ГЭЖ ЮУ ВЭ?
-Нотариат гэж юу вэ. Ямар ач холбогдолтой юм бэ?
Баянзүрх дүүргийн иргэн М.Баянтуул
-Иргэд хоорондоо хүсэл зоригоо илэрхийлж, сайн дураараа гэрээ, хэлцэл хийх, бусдаар үүрэг гүйцэтгүүлэх, өөрийн өмч хөрөнгөө бусдад шилжүүлэх, эд хөрөнгө худалдах, худалдан авах, зээл олгох, төлбөр барагдуулах, эд хөрөнгө түрээслэх, эзэмших, ашиглах, өмчлөх болон өмч хөрөнгөө бусдад бэлэглэх, гэрээслэх, нас барсан хүний эдийн болон эдийн бус хөрөнгийг бусдад хууль ёсоор өв залгамжлуулах харилцааг бичгээр албажуулж, гэрчээр гэрчлүүлэх буюу хуулиар эрх олгосон төрийн төлөөлөгчөөр баталгаажуулж ирсэн.
Энэ гэрчилсэн баримт буюу баталгаажуулсан баримт нь хуулийн этгээд, иргэд хооронд болон шүүх эрх мэдлийн бусад байгууллагаас шийдвэр гаргахад эх сурвалж, нотолгоо болон хувирдаг. Цаад утгаараа талуудын эрх үүрэг, эрх чөлөө, хариуцлагын баталгаа болдог.
Хуульч, нотариатч С.Сүрэнжав
ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ИНЖЕНЕР ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ
-Манайд үйл ажиллагаа явуулж байгаа гаднын зарим төслийнхөн барилгын ажлын тендер зарлалаа гэхэд шаардлагатай материалын бараг 80 хувьд нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар тусгаж байж тэр ажлыг гүйцэтгэх эрхийг олгож байна. Манайд энэ шалгуур хэдэн хувь байна вэ?
Чингэлтэй дүүргийн иргэн Г.Бадамханд
-10-15 хувьд нь бий. Тэнд хүн ажиллах учраас хүнийг л голчлох ёстой. Хүний аюулгүй ажиллагаа, ажиллах орчин нөхцөл, цалин, хоол унд, ая тухтай нөхцлийг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуульд заагаад өгчихсөн. Түүнийг л бүрдүүлж ажиллах ёстой. Ажилчид өөрийнхөө төлөө хамгаалалтын малгай нэхэх эрхтэй. Тэр боломжийг ажил олгогч хангаж өгөх ёстой. Түүнд хяналт тавих нь хөдөлмөр хамгааллын инженер байна.
МҮЭХ-ны Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбооны гэргүүн, зөвлөх инженер Б.Батцогт
СОЛОНГОСТ 5-11 МЯНГАН АМ.ДОЛЛАРААР СУРНА
-Би Солонгос улсад сурах сонирхолтой. Тиймээс солонгос улсад сурах сонирхолтой оюутан, залууст ямар шалгуур, шаардлага тавьдаг талаар мэдээлэл өгөөч. Мөн төлбөр нь дунджаар хэд вэ?
Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн Ц.Энхзаяа
-Хэрэв та БНСУ-ны Засгийн газрын тэтгэлэгээр суралцах тиолдолд Боловсролын яамны харьяа Олон Улсын боловсролыг Дэмжих Үндэсний Хүрээлэн (NIIED: National In stitute for Internationj Education)-гээc гapгacaн сонгон шалгаруулах журмыг үндэслэн ЭСЯ-аар дамжуулан сонгон шалгаруулалтыг зарлан явуулж байгаа.
Түүнчлэн гадаадын оюутныг татах сонирхолтой их, дээд сургуулиуд тухайн улсад зохион байгуулагддаг боловсролын үзэсгэлэн яармагт оролцон оюутан элсүүлдэг. Одоогийн байдлаар дэлхийн бүхий л улс орны оюутан залуус Солонгост суралцаж байгаа. Сургалтын төлбөрийн хувьд тухайн их, дээд сургуулиас хамааран харилцан адилгүй ч нэг жилийн төлбөр дунджаар 5000-11.000 ам.доллар байдаг.
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, консул Пак Сын Ү /Park, Seung Woo/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!