Цагаан ордонд түр ажиллаж дадлага хийх хугацаандаа тухайн үеийн Ерөнхийлөгч Билл Клинтонтой амрагийн холбоо тогтоосон тухай том дуулианы эзэн болж Моника Левинский олон жилийн турш нам амьдарсан.
Гэвч тэрбээр саяхан ам нээж, гэр бүлтэй Ерөнхийлөгчтэй холбогдсондоо тун их харамсч явдгаа “Vanity Fair” сэтгүүлд бичжээ. 40 настай Левинский тэр үеийн үйл явдлын тухай бичихдээ Билл Клинтон түүнийг ашигласан, тэдний янаг амрагийн явдал хоёр талын харилцан зөвшилцөл дээр 1996 оноос хойш өрнөсөн хэмээсэн байна.
Уг нь Клинтоны өгсөн мэдүүлэг үнэнч байх тангарагт илт харшилсан үйлдэл төдийгүй Ерөнхийлөгчийн огцрох хангалттай үндэслэл байсан ч харамсалтай нь бүгд найрамдахчууд Биллийг суудлаас нь буулгаж чадаагүй юм. Энэ бол 1998 он.
Үүнээс хойш таг дуугүй байсан Моника гэнэт ийн сайн дураараа ярьж эхэлснийг хүмүүс Билл Клинтоны гэргий Хиллари Клинтон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй улстөрчөөр нэрлэгдэж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байна.
Бүгд найрамдахчууд хэдэн жилийн өмнөх энэ үйл явдлыг Клинтоны эсрэг ашиглах магадлалтай.

Гэхдээ “Vanity Fair” сэтгүүлд Моника Левинскийн бичсэн өгүүлэл бүтнээрээ ирэх долоо хоногт гарах бөгөөд сэтгүүлийнхэн уншигчдыг татах зорилгоор түүний бичсэнээс хэсэгхэнийг нийтлэн шуугиан тарьж эхэлжээ.
“Би хувьдаа Ерөнхийлөгч Клинтон бид хоёрын дунд болсон тэр явдалд үнэхээр их харамсдаг. Бүр дахин давтахад би чин сэтгэлээсээ харамсч амьдардаг” хэмээн Моника бичжээ.
Левинский 1998 оны үйл явдлаас хойш түүнийг хэрхэн доромжилж, хууль хяналт, хэвлэл мэдээлэл хүч хавсран түүнийг орох газаргүй болгож байсныг мөн өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд хэрхэн амьдарсан болон тэр үед амлаж байсан 10 сая доллараас яагаад татгалзсанаа ч бичсэн гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!