ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Одхүү та хариулахгүй байж болохгүй

Э.Пагма
2014 оны 5 сарын 8
Монголын мэдээ

Ус сувгийн Удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламж Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүдийн бохир усыг хүлээн авч механик, биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэн Туул голд нийлүүлэх үүрэгтэй.

Энэхүү цэвэрлэх байгууламж 1964 онд байгуулагдсан. Анх байгуулагдахдаа хоногт 4500 m3 бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээгээр 50 хувь хүртэл цэвэрлэх хүчин чадалтай байсан бол хотын хүн ам, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр хүчин чадлаа нэмэгдүүлж, 1979, 1986 онуудад тус тус өргөтгөл хийж, хоногт 20000мЗ ахуйн бохир ус хүлээн авч 90-92 хувь хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болсон байна.

Хэдийгээр энэ мэт техник технологийн шинэчлэл хийсэн ч жил өнгөрөх тусам нийслэлийн бохир усыг цэвэрлэх ажлын голыг нугалдаг Төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүй, үйл ажиллагаа нь доголдож болзошгүй болсон гэдгийг 2013 оны тавдугаар сард тус байгууламжийн дарга Н.Одхүү Хотын дарга Э.Бат-Үүлд танилцуулж байсан.

Гэсэн ч өнөөдөр болтол байдал хэвээрээ гэхэд болно. Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэд урин дулааны улиралд цэвэрлэх байгууламжийн эвгүй үнэрт "дарагдаж" өнгөрүүлдэг.

Тиймээс энэ удаагийн "Та хариулахгүй байж болохгүй" булангаа тус байгууламжийн дарга Н.Одхүүд хаяглаж байна. Танд иргэдийн төлөөллийн асуултад хариулах хүсэлтийг сониноороо дамжуулан уламжилж буй нь энэ юм.

Эвгүй үнэрийг саармагжуулж болох уу

Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Алтай:

-Миний хувьд энэ дүүрэгт тэр дундаа Төв цэвэрлэх байгууламжийн ойролцоо 34 жил амьдарч байна. Тийм болохоор энэ хавьд ямар үнэр үнэртдэгийг сайн мэднэ. Салхи баруун чиглэлээс салхилвал толгой эргэм эвгүй үнэртдэг. Тийм болохоор танай сониноор дамжуулж холбогдох хүнээс асуухад уг үйлдвэрийн энэ үнэрийг бүр дарахгүй юм гэхэд арай саармагжуулж болох уу гэж асуумаар байна. Үнэхээр иргэд хүнд нөхцөлд олон жил амьдарч ирлээ. Үүнийг хэзээ шийдэх вэ.

Шинэчлэлийн ажил юу болсон бэ

Баянгол дүүргийн иргэн Т.Мягмар:

-Эмээгийнх нь хүүхэд “Монос” сургуульд сурахаас гадна би өөрөө энэ хавийн эмнэлэгээр үйлчлүүдэг. Тийм болохоор орчин нөхцөлийг сайн мэднэ. Өнгөрсөн жил телевизээр хотын дарга тус байгууламжтай танилцаж, шинэчлэх шаардлагатай зүйлийг ярьж байсан нэвтрүүлэгийг үзсэн. Одоо энэ ажил юу болж байгааг мэдмээр байна. Олон жил болсон байгууламжийг засварлах цаг хэдийнэ болсон байх. Яах вэ бага зэргийн засвар үилчилгээ хийдэг байх. Гэхдээ орчин үед хотын иргэд ийм үнэрт дарагдаад суух нь эвгүй л болов уу.

Үнэр нь гадагш гарахгүй байх нөхцлийг хангаж болох уу

Хан-Уул дүүргийн иргэн Г.Туул:

-Манай гэр Биокомбинатат байдаг. Салхи хойноос байвал бид чинь хэцүүднэ дээ. Энэ байгууламжийн дарга болон холбогдох хүмүүсээс нэг зүйлийг тодруулмаар байна. Цэвэрлэх байгууламжийг хотоос гаргаж болох уу. Эсвэл битүү ч юм уу ямар нэгэн байдлаар үнэр нь гадагш гарахгүй байх нөхцлийг хангаж болох уу. Тэгэхгүй энэ хэвээр байвал хот тэр чигтээ бохирын үнэрт автаж мэдэх л байх.

Цэвэрлэх байгууламжийг хотоос гаргаж болох уу

Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Нямсүрэн:

-Энэ дүүргийн 20 дугаар хороонд олон жил амьдарлаа. Манай ажил ч ойрхон. Хавраас эхлээд л цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртдэг. Толгой эргэмээр энэ үнэрийг дарж болохгүй юм болов уу гэж асуумаар байна. Мэдээж хот тэлэх тусам энэ байгууламжийн хүчин чадал хүрэхгүй болж байгаа байх гэсэн бодол төрдөг.

Хотын дарга Э.Бат-Үүл техникийн зах зэргийг гаргах ярьж байсан. Яг үүнтэй адил цэвэрлэх байгууламжийг ч гэсэн хотоос гаргаж болох уу.

Төр засаг үүнд хэр анхаарал хандуулж байгаа вэ

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Оюунаа:

-Энэ дүүрэгт амьдардаг учраас цэвэрлэх байгууламжийн үнэр ямар байгааг сайн мэднэ. Аль хэдийнэ эвгүй үнэр үнэртэж, хавь ойрынхон хэцүү л байна. УИХ-ын сонгууль болох бүрд л байгууламжийн асуудлыг хөндсөн сурталчилгаа явуулдаг байсан. Тухайлбал, Б.Жаргалсайхан сонгуульд нэр дэвшихдээ энэ эвгүй үнэрийг дарж, сайхан болгоно гэж хэлж байсныг сайн санаж байна.

Гэтэл түүнээс хойш хэдэн жил өнгөрлөө. Байдал хэвээрээ, бүр дордсоор л. Тиймээс одоогийн төр засаг үүнд хэр анхаарал хандуулж байгаа вэ гэж асуумаар байна.

Зураг