Супермаркетууд хямралд өртсөнгүй, жижиг дэлгүүрүүд зээлд дарагдав
Хямрал иргэдийн худалдан авалтад хэрхэн нөлөөлж байна вэ. Дэлгүүрүүдийн борлуулалт буурсан гэж худалдаачид ярьж байна.
Харин бодит амьдрал дээрээ томоохон супермаркетууд болон жижиг дэлгүүрүүдэд нөхцөл байдал ямар байна вэ.
Энэ бүхэн бодит амьдралд хэрхэн тусгалаа олж байгааг сурвалжлахаар “Баясах” супермаркетыг зорьсон юм. Тус дэлгүүрийн менежер “Өглөөгүүр, өдрийн цагаар худалдан авагч цөөхөн. Харин оройн цагаар хүний хөл тасардаггүй" гэв. Супермаркетаас хүнс цуглуулж байгаа хүмүүсийг анзаарч байхад нэг кг гурил, 0.5 кг төмс гэсэнгүй. Сагсаа дүүргэсэн нэгэн нь байхад ганц нэг бараа, хүнс авахаар сонгосон нэгэн нь ч байлаа.
Худалдан авагч С.Энхжин "Өрхийн санхүү хэцүү байна. Үнэ хэчнээн өссөн ч хоол хүнсээ худалдан авахаас аргагүй шүү дээ” гэсэн юм. Тэнд ихэнхдээ бараа биш хүнсээ цуглуулах гэсэн хүн олон байв. Ингэхдээ гурил, будаа, ногоо, сүү, таргийг сонгосон нь дийлэнх нь аж.
Хямрал болсон, болоогүй гэсэн яриа газар аваад байгаа ч супермаркетуудад олны хөл татраагүй байна. Худалдан авалт идэвхтэй байгаа гэдгийг дэлгүүрийн менежерүүд ч хүлээн зөвшөөрч байв/ Дээр дурдсанчлан янз бүрийн бараа гэхээсээ илүү хүнсний худалдаа эрчимжжээ.
Супермаркетуудад хүнс, барааны үнэ жижиг дэлгүүрүүдийнхээс нэг их ялгаагүй байгаа талаар худалдан авагчид онцолж байлаа. Өмнөх 2-3 жилийнхтэй харьцуулахад борлуулалт буураагүй гэдгийг тэд бас нэмж хэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, хямрал томоохон хүнсний дэлгүүрүүдэд нөлөөлсөнгүй.
Захын гэр хорооллын дунд байрлах хүнсний дэлгүүрээр 20:00 цагийн үед. хүмүүс орж гарч холхилдоно. Тэдний дийлэнх нь нэг кг гурил, 200-300 гр мах, 500 гр төмс, нэг ширхэг лууван, сонгино авч байх юм. Мод нүүрсээ өдөр, өдөрт нь нэг нэгээр нь зөөнө, оройны хоолныхоо материалыг ч ажлаа тараад харих замдаа авах хүмүүс бас бий. Энэ бол одоо цагийн жирийн иргэдийн амьдралын хэмнэл.
Жижиг дэлгүүрүүдэд супермаркетаас ялгаатай нь борлуулалт хэвээрээ байгаа ч хүмүүсийн зээлээр худалдан авалт хийх нь эрс нэмэгджээ. Өмнө нь 10-14 хоногийнхоо хүнсийг бэлдчихдэг байсан өрх одоо бараг хоног, хоногоор нь хүнсээ зөөж эхэлснийг худалдагчид нуухгүй байна.
Долоон буудал дахь “Сэлэнгэ” дэлгүүрийн худалдагч Б.Сувд “Өмнө нь алга дарам цаасан дээр өр тавьсан хүмүүсийн нэрсийг бичдэг байсан. Харин одоо өртэй хүмүүсийн нэрс 2-3 хуудас дүүрч байна” гэсэн юм.
Барааны үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэлээд өсчээ. Тэрээр “1750 төгрөгөөр зардаг савтай сүү 2400 болсон. Мөн хүүхдүүдийн дуртай “Бабула” гэх хөлдөөсөн таргийг 100 төгрөгөөр борлуулдаг байсан бол бөөний үнэ нь 130 төгрөг болчихсон" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

