ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ю.Н.Кручкин: Монголын тухай нэвтэрхий толийг шинэчилж байгаа

ikon.mn
2014 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын иргэн Ю.Н.Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагналаа.

Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж монгол судлаач Юрий Николаевич Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагнасныг зарлигт тэмдэглэсэн байна.

Шагналыг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж өгсөн юм.

Энэ үеэр Монгол судлаач Юрий Николаевич Кручкинтай товч ярилцав.

-Танд Ялалтын баярын мэнд хүргэе. Таныг Аюур гэдэг нэрээр монголчууд сайн мэднэ. Монгол судлалын чиглэлээр ямар бүтээл туурвиж байгаа талаараа танилцуулна уу?

-Юуны өмнө Ялалтын баярын өмнөхөн Монгол төрийн одон хүртсэндээ баяртай байна. Их баярлалаа. Ирэх зун Монгол, Оросын харилцаанд том том үйл явдлууд тохионо. Халх голын ялалтын 75 жилийн ой болно. Маргааш Ялалтын баяр тохиох гэж байна.

Би монгол судлалаар 20 гаруй жил ажиллаж байна. Миний гол бүтээл гэвэл Монголын тухай нэвтэрхий толь бичиг юм. Үүнийгээ шинэчилж байгаа. Хамгийн сүүлд Орос-Монгол, Монгол-Орос толь бичиг шинээр бичиж хэвлүүлсэн.

Монголын нутаг дэвсгэрээс цэрэгт мордож, Эх орны аугаа их дайнд оролцсон орос, буриад, монгол 3000 хүний тухай баримтат ном бичлээ.

Цаашдаа кино хийх бодолтой байна.

Өнөөдөр Санкт-Петербургээс миний найз нар ирж байгаа. Максим Леонидов, “Секрет” хамтлаг ирнэ. Ирэх бямба гаригт UB паласт маш том тоглолт хийх гэж байна.

-Монгол судлалын чиглэлээр та хэчнээн бүтээл туурвисан бэ?

-Нийт 60 гаруй ном бий. Орчуулсан олон бүтээлтэй. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын “Тэнгэрийн цаг”, судлаач Болдын “АНУ ба Монголын тусгаар тогтнол”, яруу найрагч Батрэгзэдмаагийн бүтээлүүд зэргийг орос хэл рүү орчуулсан.