"Татвар төлөгчид мэргэшсэн зөвлөхөд хандсанаар эрсдлээс сэргийлдэг"
“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяатай ярилцлаа.
-Татвартай холбоотой хуулиудыг харж байхад татвар төлөгч нар татвараа тооцох, бүртгэх, түүнийгээ төлөх, тайлагнах зэрэг үүрэг хүлээдэг. Өнөөгийн нийгэмд ийм үүрэгтэй татвар төлөгчдөд хүндрэл бэрхшээл хэр гардаг вэ?
-Манай улс татварын харилцаанд буюу 1990 оноос хойш Үндсэн хуульд иргэн бүр татвар төлөх үүрэгтэй гээд заагаад өгчихсөн. Тиймээс дээр хэлсэн үүргүүдийг татвар төлөгч өөрөө хариуцан төлнө гэсэн заалт агуулгын хувьд хэрэгждэг.
-Агуулгын хувьд гэхээр бизнес эрхлэгч бүр үүргээ ягштал биелүүлэхэд учир дутагдалтай байдаг гэдэгтэй санал нийлэх үү?
-Мэдээж тухайн иргэн өөрөө бүгдийг мэдээд хийнэ гэвэл олон хуулийн заалт болон тэдгээрийг дагалдан гарсан заавар, журмуудыг мэдэх, тайлангийн систем, бүртгэлийг мэдэх гэх мэт нэлээд ярвигтай гүйцэтгэх ажилбаруудыг хийх шаардлагатай болдог.
Тиймээс үүнийг татварын орчинд хуулиар зөвшөөрөгдсөн, эрх бүхий мэргэжилтний туслалцаатайгаар хөнгөвчилж болно. Нөгөөтэйгүүр татварын албанаас цахим хэлбэрт оруулж байгаа нь тун сайшаалтай. Цахим ертөнцөд холбогдож байгаа бол хаанаас ч татвараа төлөх боломжтой болж байна шүү дээ.
-Эрх бүхий этгээд гэж нягтлангуудыг хэлж байна уу?
-Үгүй ээ. Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг 2012 оны 12 сард баталсан. Энэ хуулийн дагуу Сангийн сайдын тушаалаар зөвшөөрөл авч, дараа нь үүнийхээ дагуу хуулийн этгээд үүсгэн байгуулах юм. Ингэснээр татвар төлөгчдөд мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, эрх үүснэ.
Энэ хуулиар татвар төлөгчдөд учирч болох эрсдэлтэй асуудлыг мэргэшсэн зөвлөхүүдийн тусламжтайгаар шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл учирч болох аливаа эрсдлийг мэргэшсэн зөвлөхүүд хариуцах тогтолцоог зохицуулдаг.
-Олон улсад энэ үйлчилгээ хэр их нэвтэрсэн байдаг вэ?
-Олон улсад байдаг л тогтолцоо. Бизнес эрхлэгч татвараа төлөх, тайлагнах, түүнийхээ тооцоо тайланг хийнэ гэдэг хэцүү. Тиймээс мэргэжлийн мэргэшсэн хүний туслалцааг авч, түүнийхээ үзүүлж буй үйлчилгээгээр өөрт учрах эрсдэл болон татвар төлөгчийн хууль ёсны эрхээ хамгаалах орчин бүрдэнэ.
-Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага хэр олон байдаг юм бэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлд 20 гаруй аж ахуйн нэгж бий.
-Мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд татвар төлөгчийн өмнөөс хариуцлага хүлээх үүргийг давхар хүлээнэ гэсэн үг үү?
-Энэ үйлчилгээг гэрээний дагуу хийдэг учраас тухайн татвар төлөгч авах үйлчилгээгээ заах боломжтой. Татвар төлөгчид ямар нэгэн хяналт шалгалтаас акт тавигдаж магадгүй. Энэ тохиолдолд үйлдсэн гэрээний дагуу зөвлөх хариуцлагыг хүлээхээр заасан байж болно.
Үүнээс өмнө бол дурын хүн татварын тайлан гаргадаг байлаа шүү дээ. Тэгсэн хэрнээ алдаа гаргасан тохиолдолд түүнийхээ төлөө аливаа хяналт, шалгалтаар илэрсэн алдаа, учирсан эрсдэл зэрэгт хариуцлага хүлээхгүй. Шууд татвар төлөгчид оногддог байсан.
Харин одоо бол татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж чаддаггүй байсан тэрхүү тогтолцоог хариуцлагатай болгосон гэсэн үг.
-Энэ тогтолцоог татвар төлөгч нар хэр сайн ашигладаг бол?
-Дээр хэлсэн 20 гаруй аж ахуйн нэгжүүд бүгд өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй. Түүнчлэн Монгол Улсад бүртгэлтэй 70 гаруй мянган хуулийн этгээд бий. Мөн хуулийн дагуу хувь хүн орлогын албан татварын тайлан гаргах үүрэгтэй.
Гэхдээ үүнд орлого олдог хэсэг буюу сая гаруй хүн хамрагдахаар байгаа. Ингээд харьцуулаад харвал 20 гаруй компани бол хаанаа ч хүрэхээргүй мэт.
Гэхдээ эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй ч энэ үйлчилгээг үзүүлээд байгаа хүмүүс бас бий. Мэдээж яваандаа хуулийн дагуу цэгцэрч, хариуцлагын систем илүү боловсронгуй болох боломжтой.
-Татвар төлөгч хугацаандаа татвараа төлж, тайлангаа бүрдүүлээгүй хууль зөрчихсөн. Гэхдээ үүнийг засах оролдлого хиймээр байсан ч мэдлэггүйгээс хойш тавиад яваад байх тохиолдол бишгүй. Энэ тохиолдолд зөвлөхийн үйлчилгээг сонгох уу. Эсвэл татварын байцаагчид хандах уу?
-Хамгийн хэрэгтэй асуудал нь зөвлөх үйлчилгээ. Яагаад гэвэл ийм үед татвар төлөгч нар хэнд, хаана хандахаа сайн мэддэггүй.
Өөрөөр хэлбэл тухайн хүн зөрчилгүй байхсан гээд бодоод байдаг. Алхмаа мэддэггүй. Хуульд татвар төлөлтийн харилцааг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа.
Татварын байцаагч нь татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэл, хөтлөх анхан шатны баримт үйлдэх, тайлан тооцоо гаргах, аудит хийх зэрэг ажлыг гүйцэтгэх нь хориотой.
Энэ нь хэрвээ тухайн этгээд зөвлөх үйлчилгээ бус татварын байцаагчид хандсан бол байцаагч ёс зүйн алдаа гаргана гэж ойлгох хэрэгтэй. Хандах эрх бүхий этгээддээ хандаад, хариуцлагаа үүрүүлээд явах нь татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах гол механизм.
-Хууль зөрчсөн татвар төлөгч зөвлөх үйлчилгээ авснаар хариуцлагаас тойроод бултаад гарчихна гэсэн үг биш биз дээ?
-Үгүй. Зөвлөхийн гол үүрэг нь хуулийн хэрэгжилтийг хангахад төр болоод татвар төлөгчдөд туслах ёстой. Тэдний голд гүүр болох учиртай.
-Тэгвэл зөвлөх этгээд хуулийн дагуу ажиллаж байгааг хэн хянан шалгах болж байна. Зөвшөөрөл өгсөн газраас уу?
-Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь Сангийн яам буюу сайд. Нийгэмлэгийн тухайд бол зөвлөх этгээдийн ёс зүйн хяналтыг тавих үүрэгтэй. Зөвлөхийн хууль зөрчих асуудал нь ёс зүйн хариуцлагатай холбоотой. Хэрвээ ёс зүйгээ зөрчсөн бол хариуцлага хүлээнэ.
-Та бүхэн татвар төлөгчдийн өдөрт зориулан “Татварын бүртгэлийн олимпиад”-ыг зохион байгуулж байгаа байх аа?
-Энэ өдрийг тохиолдуулан өнгөрсөн сарын 3-наас эхлэн “Татварын бүртгэлийн олимпиад”-ыг зарласан. Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг Татварын албатай байнга хамтын ажиллагаатай байж ирсэн, түүхэн уламжлалтай. Мөн манай нийгэмлэгийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
Тиймээс хамтатган энэхүү олимпиадыг зохион байгуулж байна. Үүний үр дүнд хуулийн хэрэгжилтийг мэргэжлийн үүднээс хангах, мэргэжилтнүүдийг чадваржуулах, ингэснээр татварын харилцаанд эерэг ойлголт бий болгох юм.
Түүнчлэн татварын бүртгэлийн чиглэлээр орон даяар нээлттэй зохион байгуулж байгаа учраас оролцогчдын ур чадварыг нээн илрүүлэх, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
Олимпиадад татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, нягтлан бодогч, татварын улсын байцаагч, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан хамрагдаж байгаа. Эхний шатанд 697 оролцогч өрсөлдөж, дөрөвдүгээр сарын 30-нд дууссан. Хоёрдугаар шат энэ сарын 1-ны өдөр болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

