Шинэ захирлын нэрийг хэдийд зарлахыг АТГ мэднэ

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа өгснөөр хуулийн дагуу дараагийн удирдлагыг сонгох сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, гуравдугаар сарын 13-нд нэр дэвшигчдийн материалыг авч дууссан.
Сонгон шалгаруулалтад долоон хүн нэр дэвшиж, өрсөлдсөн бөгөөд нэр дэвшигчдийн материалыг авсан тухайн сардаа томилгоог хийх байсан ч тодорхой бус шалтгаанаар өдийг хүрсэн юм.
Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн удирдлагыг сонгох сонгон шалгаруулалтын комиссын дарга, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Ц.Одмаа “Нийт долоон нэр дэвшигчээс нэг хүнийг товлон сонгоод байна. Одоогоор албан ёсоор нэрийг зарлах боломжгүй.
Хэрэв Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын дүн болон Санхүүгийн зохицуулах хорооноос биржийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой шийдвэр ирвэл сонгосон хүнийг нийтэд шууд мэдээлнэ. Холбогдох байгууллагаас мэдээлэл, шийдвэр ирвэл энэ долоо хоногт зарлана” хэмээх тайлбарыг өгч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

