Н.Ганхуяг: Гарын ганц хоол маань бүхэл хоол
Энэ удаагийн зочноор урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягийг урьж, гарын хоолных нь талаар ярилцлаа.
-Та хоол хэр сайн хийдэг вэ?
-Маруухан шүү дээ. Нарийн ширийн хоол хийж чадахгүй ээ. Би монгол хоолонд дуртай. Тиймээс гэргий минь надад тааруулж ихэвчлэн үндэсний хоол хийж өгдөг. Эхнэрийн минь хийж өгснийг гүйцэх хоол ховорхон байх. Зайлшгүй шаардлагаар би хоол хийх болбол бас монгол хоолоо хийнэ. Надад гаргуун хийдэг ганц л хоол бий.
-Ямар хоол вэ?
-Бүхэл мах чанах. Шөлөнд нь төмс, лууван зэрэг хүнсний ногоог хальслаад бүтэн бүтнээр нь чанадаг. Тэгээд гурил зуурч, элдээд битүүнд нь хучиж буцалгана.
-Үнэхээр сайхан хоол шүү. Энэ хоолонд хүн бүр дуртай байх. Гэхдээ таны нууц жор юу вэ?
-Нууц жор энэ тэр гэж чамирхах зүйлгүй. Зүгээр л элдэв төрлийн амтлагч энэ тэрийг хийлгүй, “ориг”-оор нь буцалгахад л болно. Хоол бэлэн болохын өмнөхөн сонгиноо цагираг хэлбэртэй хэрчээд, чанаж буй махныхаа ил гарсан хэсгүүд дээр тавьчихвал бас л янзтай. Янз бүрийн амтлагч хийчих л юм бол монгол хоол гэдэг утгаа алдчихна. Гол нь монгол хоолны амтыг мэдрэх нь л жинхэнэ кайф шүү дээ. Тиймээс би болж өгвөл дотоодын гурил, ногоогоор хийж идэх дуртай.
-Энэ хоолыг хүмүүс өөр өөрийнхөөрөө нэрлэдэг юм билээ. Та дуртай хоолоо юу гэж нэрлэдэг вэ?
-Миний хувьд “Бүхэл хоол” гээд нэрлэчихдэг. Яагаад гэвэл мах, ногоо, гурилаа бүгдийг нь чанадаг учраас ингэж нэрлэх нь оновчтой санагддаг. Хийхэд ч амар, идэхэд ч кайфтай шүү.
-Та барагтай бол хоол хийдэггүй гэлээ. Гарын ганц хоолоо ямар үед хийдэг юм?

-Төдийд өдийд гэдэггүй ээ. Гарын хоолоо гэрийнхэндээ хийж өгнө гээд өдөр товлочихвол худлаа хэлсэн болчих байх. Яагаад гэвэл урлагийн бидэнд цаг зав бараг байдаггүй шүү дээ. Амралтын өдрүүдэд, эсвэл санаандгүй байдлаар л хийчихдэг юм.
-Тантай нэгэнт холбогдчихоод зөвхөн гарын хоол яриулаад өнгөрөхөд харамсалтай юм шиг санагдаж байна. Саяхан тайзнаа тавигдсан “Бүүвэй” жүжиг тань хүмүүст их таалагдсан юм шиг байна билээ.
-Сайхан жүжиг болсон байна хэмээн олон хүн баяр хүргэсэн. Хүмүүс зүгээр нэг үзэхдээ бус олон зүйл ойлгосон байгаасай гэж хүсч байна. Тэгвэл зорилго маань биелэх гээд байна.
-Энэ жүжгийн зохиолыг та өөрөө бичсэн шүү дээ. Монгол хүний үнэ цэнийг мэдрүүлэхүйц сайхан жүжиг болсон байна билээ?
-Үзэгчдэд ойлгуулах гэсэн гол санаа маань л тэр шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монгол хүний үнэ цэнэ өдөр ирэх тусам унаж байна. Монголчууд өөрсдөө ч монголоо байчихаад байна шүү дээ. Үүнд олон зүйл нөлөөлж байгаа. Тодруулбал, монгол сэтгэлгээг өдөөх уран бүтээл ховордсон нь үүний нэг шалтгаан. Тиймээс монголчууд солонгос кино үзэж, залуус нь солонгос маягаар дурлаж, хайрлаж, хардаж байна шүү дээ. Эцэстээ монгол хүний уужуу сэтгэл, ухаалаг намбалаг байдлаа хүртэл орхигдуулж байгаа юм шиг санагдах болсон. Тиймээс монгол хүний үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьсон юм.
-Дүрүүдэд ардын жүжигчин С.Сарантуяагаас гадна Б.Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Т.Хулан, Б.Тамир нар тоглосон. Жүжигчдийн сонголтыг хэрхэн хийв?
-УДЭТ долоон өөр найруулагчийн долоон өөр жүжиг тавихаар болсон. Тэгээд долоон найруулагч ширээ тойрч суугаад ярилцаж байгаад л жүжигчдээ хэрхэн хуваарилж авахаа шийдсэн. Жүжигчдийнхээ арга, барил, өнгө аясыг мэдэх учраас нэг их цаг үрээгүй. Гарын таван хуруу шиг чадварлаг таван жүжигчинтэй хамтран ажиллахад сайхан байлаа. Сарантуяа маань эхийн дүрд тоглож, эрхий хурууны үүргийг биелүүлсэн. Эрхий хуруу нэг гарын таван хурууныхаа өмөг түшиг байдгийг мэднэ дээ, та нар.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

