Евгений Кафельников: Сиднейн олимпоос медаль авч чадахгүй бол зодог тайлах тухай бодож байлаа
ОХУ-ын нэрт теннисчин “Сидней-2000” олимпийн наадмын аварга, Евгений Кафельпиков зодог тайлаад 10 гаруй жил болжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард 40 нас зооглосон тэрбээр өдгөө ОХУ-ын теннисний академиад ажиллаж байна. Цагтаа эрэгтэй теннисчдийн дэлхийн чансааг тэргүүлж явсан Кафельниковын ярилцлагыг түүвэрлэн хүргэе.
-Оросын эрэгтэй теннисчдийн амжилт уруудсан нь ямар шалтгаантай вэ?
-Эрэгтэй ч гэлтгүй, эмэгтэйчүүдийн амжилт ч уруудсан. Хоёр, гурван жилийн өмнө Оросын эмэгтэй теннисчид “Их дуулга”-ын шөвгийн наймд дор хаяж дөрөв, таваараа зогсдог байлаа. Мөн “Fed Сир”-т ч толгой өвдөлгүй түрүүлдэг байсан. Тэгвэл одоо тийм биш болсон. Тамирчдын амжилт илт уруудсан. Энэ нь бэртэл гэмтэл, хувийн дасгалжуулагчтай нь холбоотой. Уг нь Орост теннисний том сургалт байна.
Багш нар нь өсвөрийн тамирчдыг бэлтгэх тал дээр сайн ажиллаж байгаа. Хамгийн гол нь тэдний бэлтгэсэн тамирчид нь томчуудтай өрсөлдөх болохоор дасгалжуулагчаа буруу сонгодог. Ах, дүү хоёроос харж болно. Марат Сафины дүү Динара Сафина дэлхийн чансааг тэргүүлж байхдаа ямар хүчтэй, эрч хүчтэй байлаа. Дасгалжуулагчаа сольсоноос хойш амжилт үзүүлэхээ больж, зодог тайлсан нь харамсалтай.
-Та мэргэжлийн тамирчны замналдаа 26 тэмцээн түрүүлсэн. Хамгийн дурсгалтай ялалт тань Австралийн нээлттэй тэмцээн, “Ролан Гаррос”-ын аль нь вэ?
-“Их дуулга”-д түрүүлэхэд мартагдашгүй сайхан байсан. Гэхдээ “Сидней-2000” олимпод түрүүлсэн нь миний замналын хамгийн дурсгалтай сайхан мөч. Хэрэв Сиднейгээс медаль хүртэж чадахгүй бол зодог тайлах тухай бодож байсан. Олимпод аваргалсны дараа зодог тайлах хүслээ хойшлуулсан.
Шигшээ тоглолтод Германы Томми Хаасыг таван үеийн дараа ялчихаад өөртөө төдийлөн итгэж өгөөгүй. Гэхдээ шөвгийн наймд Бразилийн Густаво Куэртоныг хожсоны дараа олимпийн аварга болох итгэл төрсөн. Тэгээд ч Пит Сампрас, Андре Агасси нар Сиднейд ирээгүй нь надад боломж байгааг мэдэрч байсан. Тэр үед дөнгөж, цахиур хагалж эхэлсэн Рожер Федерертэй алтан медалийн төлөөх тоглолтод үлдэж магадгүй гэж бодож байсан ч хагас шигшээ тоглолтод Хааст хожигдсон юм. Федерер Сидней олимпоос хойш олны анхааралд өртөж, хаанчлалын эхлэлээ тавьсан.
-Сиднейн олимпод оросууд танаас бус, Марат Сафинаас амжилт хүлээж байсан?
-Тэгэх нь аргагүй. Марат Сафин теннисний ертөнцөд цахиур хагалж байсан үе. Тэр олимпийн өмнө Америкийн нээлттэй тэмцээнд Пит Сампрасыг ялж, “Их дуулга”-ын анхны цомоо авч байсан шүү дээ.
Түүнийг Нью-Йоркод түрүүлэхэд америкчууд Курскийн дайны адил хүлээж авч байлаа. Сафин олимпийн наадмын нэгдүгээр шатанд Францын Фабрис Сантород хожигдсноор бүх үүрэг хариуцлага надад оногдсон.
-Та нутаг нэгт эрэгтэй теннисчдээс хэнд илүү итгэл хүлээлгэж байв?
-Михаил Южныйд их итгэж байсан. ОХУ-ын эрэгтэй теннисчид 2006 онд Дэвисийн цомд түрүүлж байхад түүний эрч хүчтэй тоглолт намайг үнэхээр бишрүүлсэн. Түүнээс хойш Южный итгэл дааж чадаагүй. Одоо өндөр амжилт хүлээнэ гэдэг бараг боломжгүй. Нас нь ч явж байна. Сүүлийн үед Евгений Донскойг их харж байгаа. Авьяаслаг залуу. Уйгагүй бэлтгэл хийвэл түүнд ирээдүй бий.
-Та зодог тайлаад 10 гаруй жил болж байна. Теннисний кортдоо эргэн ирэх бодол төрж байв уу?
-Тийм ээ. Гэхдээ эргэн ирээд амжилт олохгүй нь тодорхой. Намайг зодог тайлах үед Федерер хаанчлалынхаа эхлэлийг дөнгөж тавьж байсан. Удалгүй Надаль, Жокович зэрэг хүчтэй залуус гарч ирсэн дээ. Зодог тайлснаас хойш хандивын тоглолтод чамгүй оролцсон. Одоо миний хийж чадах ажил энэ.
-Рожер Федерертэй хэр олон тоглосон бэ?
-Түүнтэй тэмцээний талбарт зургаан удаа өрсөлдсөн.
-Хэн нь олон хожсон бэ?
-Ялалт миний талд байгаа. Би түүнийг дөрвөн удаа хожсон. Хэрэв түүнтэй ид үед нь тоглосон бол ялалт бүү хэл, нэг гэйм ч салгаж чадахгүй.
-Та “Их дуулга”-ын хосын төрөлд хэд хэдэн удаа түрүүлсэн. Хамтарч тоглож байсан Чехийн Даниэль Вачектэй холбоотой байдаг уу?
-Түүнтэй хамтарч “Роланд Гаррос”-т хоёр, “US Ореn”-д нэг удаа түрүүлж байлаа. Мөн “Мастерс”-ийн цувралд 10 гаруй цом хүртэж байсан. Бидний үед хосын төрөлд хамгийн шилдэг нь байсан Австралийн Тодд Вудбриж, Марк Вудфорд нарыг хэд хэдэн удаа хожиж байлаа. Тухайн үед тэд АНУ-ын шилдэг хос, ах дүү Боб, Майк Брайан шиг байлаа. Вачек өдгөө Чехийн теннисний академид багшилж байгаа. Зодог тайлахынхаа өмнө Нидерландын Паул Хархейстэй хос төрөлд хэсэг тоглосон ч өндөр амжилт гаргаж чадаагүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

