Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойн хэлэлцээр Улаанбаатарт үргэлжлэхээр болжээ

Ч.Болортуяа
2013 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Оюутолгойн ТУЗ-ийн ХБХ, 2013

“Эрдэнэс Оюу Толгой" компаниас Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. ОТ-н Монголын талын ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн сарын 23-27-ны хооронд Лондон хотноо ОТ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцоод ирсэн юм.

ТУЗ-ийн гишүүн Уул уурхайн яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу ярихдаа “Монголын талаас ОТ төсөлтэй холбоотой 22, хөрөнгө оруулагчийн талаас найм гээд нийт 30 асуудлын талаар санал солилцож 15-д нь тодорхой шийдэлд хүрч чадлаа. Шийдвэрт хүрсэн 15 асуудалд ОТ-н бүлэг ордод хамаарах боловч гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийг ОТ компанид шилжүүлж улмаар манай тал лизенцийн талбайгаас 34 хувь эзэмших зарчмын шийдэлд  хүрлээ” гэсэн юм.

Дээрх шийдвэрийг гаргаснаар Монголын талын ашиг 1,4 тэрбум ам.доллараар нэмэгдэх эерэг талтай аж.

Мөн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн шалтгааныг шалгах хоёр талын аидитын дүгнэлтийг энэ сарын 7-ноос эхлэх ажлын хэсгийн хуралдаанаар тулгаж эхлэхээр болсон байна.

Харин далд уурхайн асуудлаар хууль эрх зүйн болоод бусад тулгамдсан зүйлийг мөн л ажлын хэсгээр хэлэлцэхээр болсон байна.

ТУЗ-ийн хурлаас хоёр талын ажлын хэсгийг гурван чиглэлд байгуулж ажиллахаар болжээ.

Үүнд:

  • Зардлын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягтлах
  • ТЭЗҮ болон бүлэг ордын геологийн нөөцийн тодотголыг эрх бүхий байгууллагад танилцуулах, бүртгүүлэх
  • Төслийн нэмэлт санхүүжилтийг нарийвчлан судлах зэргээр ажиллах юм байна.

“Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал, ОТ ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн  “Лондонд болсон уулзалт амжилттай болсон гэж үзэж байна. Хуримтлагдаад байсан асуудлуудын тэн хагаст зарчмын тохиролцоонд хүрч чадлаа” гэлээ.

Монголын талын ТУЗ-ийн гишүүд Лондонд байх хугацаандаа ОТ-н бусад хувьцаа нийлүүлэгч, жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөлтэй уулзсан байна. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын байр суурийн талаар хувьцаа эзэмшигчид ташаа ойлголттой байдаг нь ажиглагдсан учир мэдээллийг бодит болгох тал дээр ажиллажээ.

ТУЗ-өөс ажлын хэсгүүд хуралдаж эхэлсний дараагаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой гэлээ.