Ашгүй, хүүхдүүд унших номтой болох нь
Өнөөдөр манайд хүүхэд уншчихаар ном бараг л алга. Яг ийм тодотголтой онох уу, үгүй юу гэдэг дээр ч бас ярих хэрэгтэй байх.
Ер нь энд тэнд байгаа номын дэлгүүрүүдээр есөн жорын ном байдаг. Хүүхдийн ном гэсэн тодотголтой шүү дээ. Тэр ч битгий хэл хүүхдийн номын тасаг ч бий. Харамсалтай нь тэнд дандаа л гадаад ном байдаг.
Эсвэл комик, дээрээс нь элдэв том зурагтай үлгэрийн ном дүүрэн. Гэтэл монгол хүүхдийн сэтгэхүйд тохирсон, манай зохиолчдын бичсэн ном, зохиол бараг л алга. Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн насны болон дунд сургуулийн 1-3 дугаар ангийнханд зориулсан дуу, шүлэг ч шинээр зохиосон уран бүтээлч бараг алга.
Тийм байхад тэр насны хүүхдэд, түүнээс ч томд нь зориулсан зохиол хайгаад яаж олдох вэ дээ. Ер нь хүүхдэд зориулсан уран бүтээл гэдгийг монголчууд мартаад удсан. Нэг хэсэг хүүхдийн зохиолч хэмээн дуудуулдаг олон уран бүтээлч байсан. Одоогийнхыг бодвол шүү дээ. Харин өнөө цагт тийм уран бүтээлч нь гарын таван хуруунд багтахаар цөөхөн болсон. Ядахад яр гэгчээр цөөн хэдэн уран бүтээлчийг нь дэмжиж байгаа газар нэг ширхэг ч алга.
БШУЯ-наас 9-17 насны хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг зохиолчдын дунд зарлажээ.
Тиймдээ ч арай гэж бичсэн ганц нэг зохиолоо хэвлүүлж чадвал их юм. Чадахгүй бол ширээнийхээ нүдэнд хийгээд хадгалахаас өөр сонголт алга. Хэвлэлийн компаниуд нь зохиолчдын бүтээлийг хэвлэхээсээ илүү ганц нэг комик, эсвэл гадаадын зохиол орчуулаад хэвлэж байна. Мэдээж дэлхийд алдартай хүүхдийн зохиолчид байгаа. Тэдний зохиол бүтээлүүд нь ч гэсэн энэ ертөнцөд гайхагддаг л байх. Гэхдээ монгол хүүхдийн сэтгэхүйд таарсан зохиол бүтээл хэрэгтэй байгаа нь үнэн үү гэвэл үнэн.
Дээрээс нь элдэв зурагтай комик номыг дарж авахаар зохиол, хүүхдэд зориулсан ном хэрэгтэй байгаа. Ингэхээр хүмүүс хэдэн настай хүүхэд гэж ирээд л цэцэрхдэг. Хэдэн ч настай байсан яадаг юм. Бүх л насны хүүхдэд зориулсан зохиол хэрэгтэй байгаа нь үнэн биз дээ.
Ашгүй саяхнаас БШУЯ-наас 9-17 насны хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг зохиолчдын дунд зарлажээ. Шинэчлэлийн Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Ном” дэд хөтөлбөрийн хүрээнд энэхүү уралдааныг зарлаж байгаа аж. Бүтээлийн үзэл санаа нь хүүхэд үндэсний ёс заншил, түүх соёлоо танин мэдэх, бахархах, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн үнэт зүйлийг ухааран ойлгох бусадтай нийгэмшин амьдрахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байна.
Мөн дэвшүүлсэн асуудал нь орчин цагийн дэлхий ертөнц, хүмүүний амьдралын дүр төрх, тулгамдсан асуудал, түүнд хандах сэтгэлгээний хэв шинжийг илэрхийлж, хүүхдэд асуудлыг эерэгээр шийдвэрлэх санал, тодорхой сургамжийг өгсөн байна. Хүүхдийн хэл, сэтгэхүйн хөгжилд бүтээлч нөлөө үзүүлэхүйц, сонирхолтой, хэл найруулгын хувьд төгс төгөлдөр байвал зохино гэсэн шаардлагуудыг яамны зүгээс тавьж өгсөн байгаа юм.
Яг л өнөө цагт хүүхдийн зохиолд хэрэгтэй байгаа шаардлага мөн. Дээрээс нь роман, тууж, баримтат өгүүлэл, өгүүллэг, яруу найраг гээд олон төрөл байгаа. Мөн уран бүтээлчдийг чамгүй хэдэн төгрөгөөр урамшуулна.
Бичсэн зохиол, бүтээлийг нь яамнаас хэвлээд өгчихнө. Уран бүтээл хийе ч гэсэн хөрөнгө мөнгөний бололцоогүйгээсээ болоод ганцчихаад байгаа зохиолчдод тун ч хэрэгтэй уралдаан болж байна. Бичих хүсэл нь оргилж, шатаж яваа уран бүтээлч ном, зохиолоо бичнэ. Өөрийнхөө дотроос оргилсон онгодоо цаасанд амилуулсныхаа төлөө шагнал авна. Дээрээс нь номоо үнэгүй хэвлүүлнэ.
Тэгээд монгол хүүхдүүд, тэр дундаа дунд ангийнхан унших ном, зохиолтой болох нь. Сайхан хэрэг. Одоо гагцхүү уралдаанд оролцогч зохиолчид сайн бүтээл туурвих л үлдээд байна. 9-17 настай хүүхдийн сэтгэхүйд тохирсон, дээрээс нь монгол хэлнийхээ далай мэт сан хөмрөгийг харуулсан, уран үгсийг шигтгэсэн, эх орныхоо үүх түүх, соёл уламлжлалыг шингээсэн гээд л.
Орчин цагийн хүүхдэд монгол гэдэг ямар агуу орон бэ гэдгийг харуулсан, бидний нүүдэлчин ахуй, соёл суурин газар, шавар хэрмэнд шавааралдаж суусан хүмүүсийнхээс илүү гэдгийг ухааруулсан зохиол хэрэгтэй байна. Ямар ч байсан хүүхдүүд унших номтой болох нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
