ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Батчулуун хоёр дахиа, Б.Баярмаа анх удаа түрүүлэв

Б.Бат, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 14
Өдрийн шуудан
Зураг зураг
Ц.Батчулуун хоёр дахиа, Б.Баярмаа анх удаа түрүүлэв

Монголын шатрын холбооны насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 3-11-нд Говь-Алтай аймгийн төв Алтайд боллоо. Эрэгтэйчүүд 54, эмэгтэйчүүд 46 дахь удаагийн тэмцээн эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөв.

Энэ жилийн тэмцээнд хагас шигшээ шатнаас шалгарсан шатарчдаас гадна өнгөрсөн жилийн УАШТ-ий медальтнууд, Монголын шатрын холбооны рейтингээр хамгийн өндөр чансаатай шатарчид өрсөлдсөн юм.

Эрэгтэйчүүдээс “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клубийн тамирчин, их мастер Д.Батчулуун 9.5 оноотой тэргүүлж, улсын хошой аварга боллоо.

Тэрбээр тэмцээний эхний тавилд улсын есөн удаагийн аварга, их мастер Б.Хатанбаатарт хожигдсон ч үлдсэн өргүүдэд долоо хожиж, тав тэнцсэнээр УАШТ-д найман жилийн дараа хоёр дахиа түрүүлсэн. УАШТ-д 23 жил тасралтгүй оролцсон, Баянгол дүүргийн шатарчин, Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Б.Хатанбаатар 9.0 оноогоор тав дахь мөнгөн медалиа хүртэж, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУМ Н.Баттулга, улсын дөрвөн удаагийн аварга, Өвөрхангай аймаг, “Шунхлай” группийн тамирчин их мастер Б.Гүндаваа тус бүр 8.5, Өвөрхангай аймгийн тамирчин ФИДЕ мастер Г.Мөнхгал найман оноогоор айрагдсан.

Ах нартайгаа анх удаа өрсөлдсөн “Хан-Алтай” клубийн тамирчин, 13 настай Ү.Агьбилэг 4.5 оноотой 11 дүгээр байрт орсон.

Их мастер Д.Шаравдоржийн унаган шавь Ү.Агьбилэг их мастер Б.Гүндаваа, ФИДЕ мастер Д.Эрхэмбаяр, У.Насанжаргал нарын шилдгүүдийг хожиж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан юм.

Эмэгтэйчүүдээс Ховд аймаг, Төрийн банк, “Ныо прогресс” группийн тамирчин, спортын мастер Б.Баярмаа есөн оноо авснаар өнгөрсөн жилийн мөнгөн медалиа ахиулж, анх удаа улсын аварга боллоо. Тэрбээр ГовьгАлтай аймаг болон “Хан-Алтай” клубийн тамирчин, ФИДЕ мастер, улсын гурван удаагийн аварга У.Лхамсүрэнтэй оноо тэнцсэн ч коэффициентийн илүүгээр алтан медалийн эзэн болсон юм.

УАШТ-д 18 дахь удаагаа оролцож, дээд амжилттай зэрэгцсэн, “Мобиком” корпорацийн тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга ОУМ Б.Анхчимэг 7.5 оноотой хүрэл медалийн эзэн болж, их мастер Ц.Батчулууны төрсөн дүү ФВДЕ мастер Ц.Мөнхчулуун, Өвөрхангай аймаг, “Мандах бүртгэл” дээд сургуулийн тамирчин спортын мастер Э.Хулан нар зургаан оноотой дөрөв, тавдугаар байрт оров.

Энэ жилийн УАШТ-ий эхний таван байрт орсон шатарчин ирэх наймдугаар сарын 1-14-нд Норвегийн Тромсо хотод болох дэлхийн шатрын 41 дэх удаагийн олимпиадад оролцох эрх авсан юм.

Зураг