Бага насны хүүхэд 6 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолонд шилждэг. Шилжилтийн энэ үеийн хоол хүнсэнд агуулагдах шимт бодисын агууламж хангалтгүйн улмаас жингийн алдагдал, улмаар тураалд орж биеийн болоод оюуны өсөлт нь хоцрогдож, цаашлаад хүүхдийн өвчлөл, эндэгдэлд хүргэдэг байна.
Харин энэ асуудалд Өмнөговь аймаг онцгой анхаарлаа хандуулж өнгөрсөн жилээс эхлэн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Сүү тараг” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
Сүү цагаан идээ нь кальци, уургаар баялаг, найрлаганд нь хүний биеийн өсөлт хөгжилд хэрэгцээтэй 100 гаруй шимт бодис, нүүрс ус уураг, өөх тос эрдэс бодис амин дэмээр баялаг, ходоодны хүчил шүлтийн тэнцвэржүүлдэг, хүүхдийн өсөлт бойжилтонд зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн юм. Тиймээс Өмнөговь аймаг орон нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл мэндэд бодит алхам хийж энэхүү хөтөлбөрийг бусад аймгуудаас анх удаа санаачлан хоёр дахь жилдээ хэрэгжүүлэхээр болсон нь энэ юм.
“Сүү тараг” хөтөлбөрт тус аймгийн 6-12 сартай бүх хүүхэд, Хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхдүүд болон 2 хүртэлх настай 2 ба түүнээс дээш ихэр хүүхдүүд хамрагддаг.
Хөтөлбөрийн хугацаанд эдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүд “Сүү тараг” олгох газарт өөрийн биеэр ирж өрхийн эмнэлгээс олгосон тусгай картаар үйлчлүүлэх бөгөөд нэг өдөр 250 гр шинэ сүү эсвэл тарагийн аль нэгийг сонгон авч хүүхдүүддээ өгдөг юм.
Өнгөрсөн жилийн хувьд “Сүү тараг” хөтөлбөрт тус аймгийн 5529 хүүхэд хамрагдах ёстойгоос 5041 хүүхэд хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл зорилтот бүлгийн 91 хувь нь хамрагдсан гэсэн үг юм. Эдгээр хүүхдүүдэд нийт 27 тонн сүү, 8 тн тараг олгогдсон байна. Нийт хамрагдсан хүүхдүүдээс 2 хүртэлх насны ихэр хүүхэд 51, Хөгжлийн бэрхшээлтэй 109 хүүхэд хамрагдсан бол хөтөлбөрийн дүнд 92 хүүхэд жингийн алдаглаас гарсан байна. Харин энэ жил давхардсан тоогоор 10 мянга гаруй бяцхан иргэдээ хамруулахаар төлөвлөөд байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, хөтөлбөрт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм.
Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдан хэрэгжиж байгаа энэ хөтөлбөр нь хүүхэд багачуудын эрүүл мэнд, орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой.
Хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол хангахад гүйцэтгэгч компани, хүүхдүүдийг бүрэн хамруулахад эцэг эхчүүд идэвхитэй оролцож, сум, өрхийн эмч нар сайн анхаарч ажиллаж байж энэхүү хөтөлбөрийн үр дүн гарна гэж зохион байгуулагчид хэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!