Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Давхар дээл"-ийн төсөл дээр бууж өгч болохгүй шүү, Ерөнхийлөгч өө

Б.Энхжаргал, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 1
Өдрийн шуудан
Зураг зураг
"Давхар дээл"-ийн төсөл дээр бууж өгч болохгүй шүү, ерөнхийлөгч өө

-Энэ асуудлыг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсангүй-

Хаврын чуулган хаяанд ирлээ. Удахгүй эхлэх ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг Төрийн байгуулалтын байнгын хороо баталсан.

Уг нь дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг өмнөх нь завсарлахаасаа өмнө баталдаг дэгтэй. Гэвч УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэх асуудлаар улс төрийн зөвшилцөлд хүрээгүй учраас, ийнхүү хаврын чуулганы хаяанд тулгаж баталсан нь энэ юм. Гэхдээ өмнө нь өргөн бариад, Их хурал дээр унасан жагсаалт нэлээд шинэчлэгджээ. Анх 19 төсөл жагсаасан бол, энэ удаа 24 болж өссөн байна.

Тодруулбал, УИХ дахь МАН болон “Шударга ёс” эвслийн бүлэг улс төр хийснийхээ үр дүнд, өөрсдийн өргөн барьсан төслийг жагсаалтад оруулж чадсан байна. Харин өмнөх жагсаалтад байсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ удаад хасчээ. Энэ нь Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан, сайдуудын давхар дээлийг дан болгохтой холбоотой хуулийн төсөл юм.

Өмнөх чуулганаар эрчимтэй хэлэлцэн, бараг батлахын даваан дээр Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Харин завсарлагын хугацаа дуусахаас ердөө нэг хоногийн өмнө УИХ-ыг хаасан нь уг хуулийн төсөлтэй холбоотой гэсэн яриа хөөрөө ч байсан.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей энэ талаар “Хэлэлцүүлгийн шатанд яваа төслийг заавал жагсаалтад оруулахгүйгээр үргэлжлүүлээд хэлэлцэж болно” хэмээн тайлбарлаж байна.

Гэвч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад давхар дээлийг дан болгохоор Төрийн тэргүүн санаачилсан хуулийн төслийг оруулаагүй нь бас учиртай бололтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Япон руу эмчилгээнд явахаас нь өмнө Засгийн газрын тэргүүн, кабинетынхаа зарим гишүүдтэй ээлжлэн Ерөнхийлөгчтэй биечлэн уулзсан гэнэ.

Ингэхдээ түүнээс давхар дээлийн хуулийн төслөө эргүүлэн татахыг гуйсан аж. Гэвч Ерөнхийлөгч гэдийсэн чигээрээ, Япон руу явсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Уг хуулийн төсөл Их хурлаар орвол батлагдах магадлал өндөр. Батлагдаад барахгүйг, хэрэгжих хугацааг нь соёрхон батласан өдрөөр нь тогтоочихож магадгүй дүр зураг харагдаад байгаа юм.

Ухаалаг төрийг өнөөдөр ярьж, давхар дээлээ дараа тайлах уу

Одоогийн Засгийн газар бараг бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрдсэн. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл хуваарилах, хяналтыг зааглах Үндсэн хуулийн зарчим алдагдсан. Нэг харвал Засгийн газрын сайд, нөгөө харвал парламентын гишүүн. Үүнээс болж парламентаас Засгийн газарт тавих хяналт мяралзах зэрэглээ төдий хоосон болсон гэхэд болно.

Уг нь Монгол Улс парламентын засаглалтай. Гэвч төрийн эрх барих дээд байгууллага нь Засгийн газрынхаа аясаар хөдөлж, арганд нь автсан системийн гажуудал бий болчихоод удаж байна. Ерөнхийлөгч ч үүнийг харж “Том төрөөс ухаалаг төр лүү” уриалгыг дэвшүүлсэн. Улмаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж, сайдуудын давхар дээлийг тайлахаар шийдэв.

Гэхдээ Ерөнхийлөгч 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр төсөлдөө суулгаж, түүнийг нь Ардчилсан намын бүлэг “хамгаалж” буй. Өөрөөр хэлбэл, өнөөгийн сайдуудын гишүүний албаа давхар хашаад, араас нь 2016 онд гарч ирэх Засгийн газар л засаглалын зөв хэлбэртээ орог гэсэн санаа гэж ойлгогдохоор. Уг нь Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн ухаалаг төрийн төлөөх акцыг УИХ дахь намын бүлгийн дарга нар дэмжиж, гарын үсэг зурж, тунхаг хүртэл баталсан.

Үнэхээр ухаалаг төрийг УИХ өөрөөсөө эхэлж байгаа л бол, давхар дээлээ дан болгох эр зоригийг Засгийн газар гаргаж яагаад болохгүй гэж. Үнэндээ УИХ-ын гишүүн, сайд гэсэн давхар дээлийнхээ ачааг үүрч хүчрэхгүй, албан тушаалын давхардал нь улс төрийн бохир тоглоом болж байгаа нь бүгдэд илхэн байгаа. Хамгийн наад зах нь УИХ ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь бүрэлдэхүүнийх нь дөрөвний нэг нь сайд болсонтой холбоотой гэдгийг дурдах хэрэгтэй байх.

АН НЭГ ТАЛДАА ГАРАЛГҮЙ CAHAЛ ХУРААВАЛ “ӨӨРТӨӨ ГАЛ ДУУДСАН” ХЭРЭГ БОЛНО

УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл cap шинийн өмнөхөн үдэш орой хүртэл хуралдаж, намрын чуулганыг цагаан сарын битүүний өдөр хаах шийдвэр гаргаж байсан. Өмнөх жилүүдийн жишгээр бол намрын чуулганыг хоёрдугаар сарын дунд хүрч завсарлуулж байв.

Харин энэ удаад нэгдүгээр сарын 30-нд хаасан билээ. Намрын чуулганыг ийн яаран завсарлуулах шалтгаан нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан “давхар дээл”-ийн тухай хуулийн төсөлтэй холбоотой аж. Учир нь уг хуулийн төслийг хэлэлцэн батлахыг УИХ дахь намын бүлгүүд дуу нэгтэй зөвшөөрч байгаа.

Гэхдээ баталсан хуулиа хэрэгжүүлэх хугацаан дээрээ олонхи, цөөнх зөвшилцөх шаардлага үүсээд байгаа бололтой. Ерөнхийлөгчийн хувьд уг хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөх саналтай байгаа. Өргөн барьсан төсөлд нь ч ингэж дууссан. Ерөнхийлөгчийн төслийг өргөн барьсан хэлбэрээр нь батлахаа УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын бүлэг мэдэгдсэн бол, МАН-ын бүлэг болон "Шудрага ёс” эвслийн зарим гишүүн энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн байр баримталж буй.

Гэхдээ АН, МАН-ын зөвшилцсөн эсэхээс бус, Ардчилсан намын бүлэгт өөрт нь гол асуудал байгаа аж. АН-ын бүлгийн зарим гишүүн уг хуулийн хэрэгжүүлэх хугацаан дээр цөөнхтэй ижил байр суурь баримталж байгаагаа мэдэгдсэн. Бүр тодруулбал М.Батчимэг, Ж.Батзандан, Д.Ганбат нарын МоАХ-ныхон. Тэдний ард Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг бий гэдэг юм билээ. Зөвхөн МоАХ төдийгүй, Ардчилсан нам дотроо нөлөөтэй фракцад тооцогддог Ардчилсан хүчний холбооныхны санал ч бас эргэсэн аж.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Ерөнхий сайд л зөвхөн УИХ-ын гишүүн байж болох бөгөөд, харин кабинетаа парламентын гаднаас бүрдүүлэх үндсэн заалттай. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл хууль болоод батлагдчихвал, тэр тусмаа энэ оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болчихвол одоогийн Засгийн газар огцорно гэсэн үг.

Хэрэв Ардчилсан намын бүлэг дотоод дахь зөрчлөө яарж, нэг талдаа гарахгүйгээр давхар дээлийн хуулиар санал хураалт явуулбал “өөрөө өөртөө гал дуудсан”-аас ялгаагүй болчихно. Тиймээс л УИХ-аар хэлэлцэж байгаа аливаа асуудлаас, тэр тусмаа Ерөнхийлөгчийн зүгээс оруулсан төслүүдэд ”найр тавьдаг” Ардчилсан намын бүлэг энэ удаа хойш суухад хүрлээ.

Тиймээс эрхэм Ерөнхийлөгчид хандан Засгийн газраас хөдөрсөн давхар дээлийг дан болгож засаглал дахь эрх мэдлийн хуваарилалтыг зөв болгохын төлөө хатуу зосгоорой хэмээн гуйх л үлдэв.

Зураг