Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвийн дөрөвдүгээр багийн нутаг “Ар булан” гэдэг газар Дэлгэр мөрний мөс цөмөрч долоон настай С охин осолдсон талаар бид мэдээлсэн. Энэхүү дуудлагаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж өчигдөр 250 метр радиуст мөсийг цоолж 35 цооног гарган эрлийн ажлыг явуулжээ.
Харамсалтай нь охин одоогоор олдоогүй байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр дахин зохион байгуулах талаар ОБЕГ-аас мэдээллээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Цаг агаарын дулааралтын улмаас гол мөрөн нуурын цас, мөс эрчимтэй хайлж байгаа энэ үед мөсөн дээгүүр тээвэрлэлт хийснээс иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарсаар байна.
2014.03.30
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвийн 4 дүгээр багийн нутаг “Ар булан” гэдэг газар Дэлгэр мөрний мөс цөмөрч С /7настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Гуравдугаар сар гарсаар гол мөрний мөс цөмөрснөөс иргэд амь насаа алдсан ГУРВАН удаагийн тохиолдол гарлаа. Онцгой байдлын байгууллагаас иргэдэд шар усны үер болон гол мөрөн дээгүүр зорчихгүй байх, мөс цөмрөхөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагаар өгч, орон нутагт гол мөрнүүдийн дагуу эргүүл гаргах, тэмдэг тэмдэглэгээ байршуулан урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байгаа.
Гэвч иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаан гол мөрөн нууран дээгүүр зорчиж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байгаа нь харамсалтай.
Иймд, гол, мөрөн нууран дээгүүр явганаар болон автомашин техниктэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Мөн өвлийн улиралд хуримтлагдсан цас хайлж уулын ам, бэл, жалга, судгийн амаар их хэмжээний ус урсан айл өрх, аж ахуйн нэгж байгууллага усанд автах тохиолдол гардаг. Иймд малчид, иргэд голын дагууд болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байх, ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж шар усны аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!