Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Лондонд эхлүүлсэн хэлэлцээр Улаанбаатарт үргэлжилнэ

Ч.Олдох
2013 оны 9 сарын 30
polit.mn
Зураг зураг

Оюутолгойн далд уурхайд хөрөнгө босгох санхүүжилтийн асуудлаар Лондонд эхлүүлсэн хэлэлцээр өнгөрсөн баасан гаригт өндөрлөжээ. Улсаа төлөөлж  хүлгийн жолоог тийш залсан “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүд наашаа зүглэсэн гэх мэдээлэл байгаа ч Да.Ганболд тэргүүтэй нөлөө бүхий хэд хэдэн эрхэм тэнд үлдсэн байна.

“Рио Тинто” компани манай улсаар зээлийн баталгаа гаргуулж, Олон улсын банк, санхүүгийн 20 гаруй байгууллагаас  зээл авах тухай ярьсан хоёр талын хурал Монголд  үргэлжлэхээр болжээ. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар  өөрчлөгддөггүйтэй адил  хэлэлцээрийг Лондонд хийсэн ч, Улаанбаатарт  хийсэн ч ийм  хариу гарах нь эхнээсээ тодорхой байсан юм.

Мөн “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Сэдванчиг, Да.Ганболд нарын хэн байхаас эс хамаарч  монголчуудын зүгээс тавих шаардлага нэг, түүнээс хүлээх үр дүн ч Монгол Улсын ирээдүйн тухай нэг л дэнсэнд огтлолцож буй нь энэ юм.

Хамгийн гол нь “Рио Тинто” компанийн зүгээс тавьж буй санал, зээлийн нөхцлийн агуулга  гүнзгий, алсдаа үндэсний аюулгүй байдал хөндөгдөж мэдэх  бодлогын  асуудал, асар том эрх ашиг ард нь нуугдаж буй. Тийм учраас нэг удаагийн уулзалтаар, хоёр өдөр яриад  шийдчихнэ  гэвэл учир дутагдалтай. Тиймээс энэ удаагийн хэлэлцээрээс үр дүн гарсангүй.

Ерөнхийдөө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дэх 23 зөрчлийн эргэн тойронд яриа өрнөсөн байна. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын төвшинд ярьж, нэр бүхий гишүүд хориг тавих нь зүйтэй гэсэн шаардлагыг  хүргүүлээд амжсан учраас  хөрөнгө оруулагчид  сөхөх нь зайлшгүй. Тэр дотор хамгийн их хөндөгдсөн сэдэв нь Оюутолгойн бүлэг орд хэмээн томъёолж буйн дотор нэг хэсгийг нь бусдад тасдаад өгчихсөн талаар хоёр тал ярьжээ.

Энэ нь ямар учиртай вэ гэхээр Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг нь “Энтригоулд”  компанийн мэдэлд байдаг. Хэрэв энэ хамаарлыг даруй цэгцлэхгүй бол манай улсын Оюутолгойгоос  хүртэх 34 хувь байхгүй болж мэдэхээр байна гэсэн санааг “Рио Тинто”-ийн зүгээс цухалзуулж буй сурагтай.  

Ажлын хэсэг хараахан ирээгүй учраас дээрх асуудлаар тодорхой мэдээлэл өгөх хүн одоогоор алга. Харин улс төрч, эдийн засагч, уул уурхайн салбарын эрхмүүд байр сууриа хэрхэн илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

О.Баасанхүү /УИХ-ын гишүүн/: ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ХАРАХ НЬ ЧУХАЛ

-Энгийнээр хэлэхэд би газраа өгөөд байшингаа бариулж байгаа бол ердийн гэрээ байгуулж таарна. Тэр гэрээ нь нөхцөлтэй байж таарна. Аль нэг тал нь гэрээгээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шууд цуцлах ёстой. Үүнтэй адил  Оюутолгойн асуудлаар  олигтой үр дүнд хүрэхгүй  байгаа нь үнэн. Ингээд Оюутолгойг шүүмжлэхээр гаднын хөрөнгө оруулалтыг холдуулсан мэт буруу ташаа ойлголтууд гарах алхам болчих жишээтэй. Тэртэй, тэргүй хөрөнгө оурулалтын орчин  бэрхшээлтэй  байгаа нөхцөлд тэр талаар хэлэх ч бас хэцүү. Гэхдээ манай улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон орон. Тэр байгууллагын өмнө хариуцлага хүлээсэн гэсэн үг. Ийм байхад манайх аль нэгэн компанид давуу нөхцлөөр эрх олгох эрхгүй болчихож байгаа юм. Мөн аль нэг компани манайхаас давуу эрх нэхээд  байвал мөн утгагүй. Би асуудлыг ингэж л ойлгож, харж байна.

Ц.Сэдванчиг /”Эрдэнэс Оюутолгой”-ийн захирал асан/:  ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ ТОДОРХОЙ БАЙХ УЧИРТАЙ

-“Рио Тинто”-гийн нөхөд энэ зээлийг дэлхийд урьд хожид авч байгаагүй том зээл гэж сайрхаж ярьдаг. Тэгвэл яагаад дэлхийд урьд хожид авч байгаагүй зээлийн нөхцлийг манайд санал болгоод байгаа юм бэ гэдэг бодох л асуудал.

Б.Лхагважав/Эдийн засагч/: ДАЛД УУРХАЙГАА ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ

-“Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ын шинэ бүрэлдэхүүн Лондон яваад ирээгүй байх шиг байна. Тэд ирээд албан ёсны мэдээлэл хийх байх. Миний хувьд “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-д байсан өмнөх гурван гишүүнийг улс төрийн зорилгоор томилогдон ажилласан болов уу гэж хардаг.

Одоогийн шинэ бүрэлдэхүүний хувьд хөрөнгө оруулалт талын эдийн засаг, хуулийн чиглэлээр ажиллах хүмүүс томилогдсон гэж боддог. Учир нь одоо  тэнд геологи, уулын инженерийн асуудал байхгүй. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал ярьж байгаа. Тиймээс Лондон явсан нөхдийг хөрөнгө оруулалтын асуудлыг  гэрээний дагуу харилцан ашигтай байхаар яриад ирэх болов уу гэж бодож байна.

Нөгөө талаас Оюутолгой, түүний нөөцийг барьцаалж зээл авах тухай ярьж байгаа. Тэд  дээр нь барьсан үйлдвэрээ барьцаалж байна. Доор нь далд уурхайн үйл явц явагдаж байна. Гол асуудал Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлд яригдаж байна. Гэтэл манай Ашигт малтмалын тухай хуульд далд уурхай гэсэн үг, үсэг ч алга. Тиймээс хөрөнгө оруулалтын асуудалтай зэрэгцүүлэн далд уурхайгаа хуульчлах ажлыг явуулах хэрэгтэй

. Өөр нэг асуудал бол валютын хомсдол, эдийн засгийн савлагаа зэрэг үйл явц санамсаргүй тохиолдлын зүйлүүд биш. Цаад  талаас хийж байгаа алхмууд, тиймээс бид бууж өгөөд байх бус  гэрээ, хууль журмынхаа хүрээнд эн чацуу үзэлцэх л хэрэгтэй.  

Б.Мөнхтуяа /УИХ-ын гишүүн асан/:  ӨРИЙН БАРЬЦАА БОЛОХ БУС ЗЭЭЛДҮҮЛЭГЧ НЬ БОЛЪЁ

-Монгол Улс Оюутолгой төслийг явуулахад  “Рино Тинто”-д зээлийн батлан даалт гаргах бус харин  ч өөрөө зээлээ аваад  түүнээсээ “Рио Тинто”-д зээл өгч яагаад болохгүй гэж. Улс өөрөө батлан даалт гаргаад хөрөнгө босго гэвэл жирийн  нэг компанийн захирал би ч энэ асуудлыг  шийдэж, шийдвэрлүүлж чадна. Яагаад заавал “Рио Тинто”-гийн өрийн барьцаанд орох гээд байгаа юм бэ.

Х.Владимир /Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн/: ОЮУТОЛГОЙН ТЭЗҮ-ИЙГ ЭРГЭЖ ХАРМААР БАЙНА

-Оюутолгойн гэрээнд 23 зөрчил байгааг  нь тодорхой болсон. Энэ зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай. Үндэсний аюулгүй байдал, валютын нөөц, экспорттой холбоотой асуудлыг ярих учиртай.

Баяжмал экспортолсон мөнгийг гадаадын банкуудад байршуулна гэсэн заалтыг гэрээнээс хасах ёстой. Нөгөө талаас, валютын нөөц, алтны асуудал байна. Нийт экспортолж буй алтны 80 хувь нь Оюутолгойн баяжмал дотор гарах гээд байна шүү дээ. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой, тайлангаар авч ярих ёстой асуудал.

Оюутолгойн гэрээний ТЭЗҮ засвартай байгааг анхаарах учиртай. Далд уурхайн тухай дараа нь оруулна гээд хийчихсэн, одоо далд уурхайн хөрөнгө оруулалтын тухай ярихад энэ асуудлыг давхар хэлэлцэх ёстой.

Зураг