Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ариунаа Сүри: Надад өөртөө зориулан урласан нэг ч хувцас байдаггүй

М.Уянга, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 13
Өдрийн шуудан
Дизайнер Ариунаа Сүри

Хувцас загварын ертөнцөд өөрийн “өнгө”-өөрөө ялгарч яваа бүсгүй бол дизайнер Ариунаа Сүри.

Тэрбээр Токиогийн “Mersedes benz fashion week” загварын долоо хоногт “Ариунаа Сүри” брэндээ толилуулахаар болжээ. Уг арга хэмжээ нь дэлхийн топ таван загварын шоуны нэгд зүй ёсоор багтдаг бөгөөд үүнд оролцох дизайнеруудыг сонгох шалгаруулалт хатуу гэж олон улсын загварын “акул”-ууд хэлдэг гэнэ. Харин Ариунаа Сүри өнгөрсөн онд болсон дэлхийн томоохон шоунуудад оролцсон чансаагаараа энэ урилгын эзэн болж чаджээ.

Энэ сарын 22-нд болох уг арга хэмжээнд 300 моделиос шалгарсан 14 загвар өмсөгч болон албаны зарим хүний хамт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг арлын Японыг зорих аж.

Энэ удаад түүний урласан 40 гаруй иж бүрэн загвар буюу нийт 120 хувцсаар 15 минутын шоу үзүүлэх юм байна. Загварын хувцаснуудын олонхи нь намар, өвлийнх байх бөгөөд тайзан дээр эгшиглэх аялгуугаа “Лемонс” хамтлагийн шинэ цомгоос сонгосон тухайгаа тэрбээр хурлын үеэр дуулгасан юм. 

Хэвлэлийнхэнд баяртай мэдээ дуулгахаар ирсэн түүний хувцаслалт даруухан мэт боловч цаанаа л нэг хээнцэр, элдэв чимэг, тоногтой содон харагдав. Тиймээс Монголдоо төдийгүй дэлхийд нэр алдраа дуурсгаж яваа түүний хувцаслалтыг сонирхохоор “Дэгжин” булангийнхаа зочноор урилаа. Олон улсын шоуны бэлтгэлээ базаагаад завгүй байгаа ч тэрбээр саналыг минь хүлээн авч зочин минь болсон юм.
 

-Юуны түрүүнд их ажлынхаа хажуугаар урилгыг минь хүлээн авсанд баярлалаа.
 
-Зүгээр дээ. Танай “Дэгжин” булан загварынханд маань илүү тохирох юм шиг санагдлаа. Ийм сайхан буландаа урьсанд баярлалаа. 
 
-Таныг хальт харахад энгийн мэт боловч нарийн чимэглэл, тоногтой хувцсанд дуртай юм шиг санагдлаа. Сайхан харагдаж байна шүү?
 
-Баярлалаа. Бусдад энэ сонирхол маань шууд харагддаг гэж бодсонгүй. Би ер нь иймэрхүү нарийн чимэглэлтэй зүйлд дуртай л даа. Тиймдээ ч өөрийн бүтээлүүддээ гар ажиллагаа шаардсан чимэглэл хийхийг хичээдэг. Дэлхийн аль ч улсад гар ажиллагаа шаардсан бүтээл үнэ цэнэтэй байна шүү дээ.
 
-Таны одоо өмсчихсөн хувцаснууд дунд таны урласан бүтээл байна уу?
 
-Байхгүй. 

Брэндийн нэр хөөдөггүй. Зүгээр л чанар загварыг нь хардаг.
 
 

-Өнөөдөр өмсөөгүй ч өөртөө зориулан урласан хувцас байгаа л биз дээ?
 
-Байдаггүй юм билээ.
 
-Яагаад?
 
-Загасчны морь усгүй гэгч л болж байна даа. Би одоо залуу байна. Өөрийгөө гоёхоос илүү, хөгжүүлэх тал руугаа илүү анхаарч байгаа. Одоохондоо өөрийгөө гоёх цаг гаргаж чадахгүй л явна. 
 
-Өөрийнхөө брэндээр гоёдоггүй юм бол хувцаслалтдаа гадаадын брэндүүдийг чухалчилдаг байх нь ээ?

 
-Мэдээж хувцас загварын ертөнцөд хүч сорьж байгаа залуу хүний хувьд дэлхийн мундаг дизайнеруудын урласан бүтээлүүдийг харж, суралцах зүйл бий. Заримдаа бүр шунана. Эмэгтэй хүн бүрт байдаг зан чанар болов уу. Энэ гоё хувцсыг аваад өмсчих юмсан гэж шунал хөдлөх үе олон гарна. Тухайн үед санхүүгийн боломж байвал шууд л худалдаад авчих үе ч бий. 
 
-Голчлон ямар брэндийг сонгох уу?
 
-Тэр энэ гэж брэндийн нэр хөөдөггүй. Зүгээр л чанар загварыг нь хардаг гэх үү дээ.
 
-Танд хамгийн олон тоогоор байдаг хувцсаа нэрлэхгүй юү?
 
-Хүзүүний алчуур, ороолт. Бараг 60 гаруй байгаа байх аа. Би ашиглагдах улирал улирлаар нь ангилан хайрцагласан байдаг. Ер нь намайг хүзүүний ороолт, алчуургүй ховорхон харна шүү.
 
-Яагаад. Хүзүүн дээрээ ямар нэгэн шивээс, сорвитой юм уу? 
 
-Үгүй л дээ. Зүгээр л зүүгээд сурчихсан гэх үү дээ.
 
-Яг одоо өмсчихсөн байгаа хувцаснуудаа ямар брэндийнх гэдгийг хэлж болох уу?
 
-Уучлаарай. Өнөөдөр өөрт таалагдсанаа л өмссөн.

Зураг