Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол гэр” төслийг санаачлагч БШУ-ны сайдад хүсэлт илгээжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

“Монгол гэр” төслийг санаачлагч Г.Бат-Эрдэнэ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт өнгөрсөн хоёрдугаар сард хүсэлт илгээжээ.

Тэрбээр хүсэлтдээ  монгол гэр барих арга ажиллагааг мэддэг хүүхэд хот суурин газрын хүүхдүүдийн дунд маш цөөн, мэддэг байлаа ч үүнийгээ практикт ашиглах боломж тааруу, бие дааж гэр барих мэдлэг чадвар байхгүй  байна. Иймээс Улаанбаатар хотын ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт энэ тухай оруулж өгөхийг хүсчээ.

Ингээд түүний хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л. Гантөмөр танаа

Хүсэлт гаргах нь

Бидний залуус монгол үндэсний уламжлал, соёл, ёс заншлаа дээдлэн хадгалж, өвлүүлэн уламжлуулах нь монгол үндэстний оршин тогтнохын нэг баталгаа гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Даяаршин өөрчлөгдөж буй энэ дэлхийн нэгэн хэсэг болох манай улсад хотжих явц эрчтэй явагдаж, бидний дараагийн үе маань монгол ахуй соёлоосоо улам алсран холдож байгаад ихэд сэтгэл зовниж явдаг юм.

Бидний дүү нар шинжлэх ухаан, техник, технологийн ололт амжилтыг алхам тутамдаа хүртэн компьютер, гар утас тэдний өдөр тутмын хэрэглээ болж, мэдээллийн эрин зууны үр шимийг гадаадын үе тэнгийн хүүхдүүдээсээ дутахгүй хүртэж байна. Хэдий тийм боловч уламжлалт монгол ахуй, соёлтойгоо танилцах боломж ялангуяа, хот суурин газрын хүүхдүүдэд хомс байгаа нь бодит байдал билээ.

Монгол уламжлал, зан заншлаа өвлүүлэн, хадгалж үлдэхэд нь дэмжлэг болгох зорилгоор “Монгол гэр” төслийг санаачлав. 

Тухайлбал, нүүдэлчдийн орон сууц болох монгол гэр барих арга ажиллагааг мэддэг хүүхэд хот суурин газрын хүүхдүүдийн дунд маш цөөн, мэддэг байлаа ч үүнийгээ практикт ашиглах боломж тааруу, эсхүл, том хүмүүсийн зааварчилгаан дор хийж гүйцэтгэхээс бие дааж гэр барих мэдлэг чадвар байхгүй бүхэл бүтэн үе өсч байна. Иймд, бидний залуучууд эхний ээлжинд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 207 сургуулийн хичээлийн хөтөлбөрт энэ тухай оруулах, сургалтын зорилгоор ашиглаж болохуйц овор багатай монгол гэр хандивлах уриалга цахим ертөнцөд гаргасан юм. Өнөөдрийн байдлаар Фэйсбүүк хуудсаар 1300 хүн (Like), твиттэр хуудсаар 1033 хүнээс (Retweet) дэмжлэг аваад байна.

Бидний судалж үзсэнээр манай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт монгол гэрийн тухай ойлголт өгөх асуудал тархмал байдаг юм байна. Тодруулбал, монгол гэрийн бүрдэл хэсгүүдийн тухай ойлголтыг 3-р ангийн Монгол хэлний хичээлээр ялгах гишүүн үзэхэд (хана, туурга гм) өгдөг бол 4-5 дугаар ангийн Иргэний боловсрол хичээлээр зураг үзүүлж, нүүдэлчдийн сууц монгол гэр нь урцнаас үүсэлтгэй гм-ээр тайлбарладаг аж. Мөн 5-р ангийн Хүн орчин хичээл дээр цухас дурдагдаад өнгөрдөг байна.

Монгол ахуй соёлоо хайрлан хамгаалж, өвлүүлэн үлдээх, “Зөв Монгол хүүхэд” төлөвшүүлэх боловсролын салбарын өнөөгийн зорилтыг дэмжиж, залуус бид ерөнхий боловсролын сургуульд Иргэний боловсрол хичээлээр олгох монгол гэрийн тухай мэдлэгийг илүү практикт ойртуулах, монгол уламжлал, зан заншлаа өвлүүлэн, хадгалж үлдэхэд нь дэмжлэг болгох зорилгоор “Монгол гэр” төслийг санаачлав. 

Эрхэм сайд Л.Гантөмөр таныг Хойч үедээ монгол гэр барих, буулгах дадал олгох зорилго бүхий энэхүү санаачлагыг дэмжин ажиллана гэдэгт найдаж байна.

Энэхүү төслийн зорилго нь Улаанбаатар хотын төрийн өмчийн 111 сургуульд 10-12 настай хүүхдийн бие, физиологи, сэтгэхүйн онцлогт тохирсон, овор багатай, загвар гэр үнэ төлбөргүйгээр нийлүүлэх юм. Мөн гэр барих, хураахтай холбоотой гарын авлага материал, видео хичээлийг бэлтгэхэд тусламж, дэмжлэг үзүүлэх болно. Гагцхүү, бидний энэхүү төсөл бодит үр шимээ өгөхийн тулд салбарын яамны дэмжлэг бодлого, зохион байгуулалтын түвшинд хэрэгтэй байгааг анхааран үзэж, энэхүү хүсэлтийг гаргалаа.

Эрхэм сайд таныг Хойч үедээ монгол гэр барих, буулгах дадал олгох зорилго бүхий энэхүү санаачлагыг дэмжин ажиллаж, 2014-2015 оны хичээлийн жилээс энэхүү төсөл амжилттай хэрэгжиж эхлэн бодит ажил болно гэж гүнээ найдаж байна.

Хүндэтгэсэн
“Монгол гэр” төслийг санаачлагч

Г. Бат-Эрдэнэ