Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нутгийн чулуугаар брэнд урлагчид

Б.Уран
2014 оны 3 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг
Нутгийн чулуугаар брэнд урлагчид

Байгалийн чулуугаар төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс хийж, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “Говь нутгийн чулуу” хоршоог “Монголд үйлдвэрлэв” онцолж байна.

Тус хоршоо нь Дорноговь аймгийн Айраг суманд үйл ажиллагаа явуулдаг. Дорноговь аймаг нь байгалийн чулуу, өнгөт чулуугаар нэн баялаг бөгөөд хэдэн жилийн өмнөөс нутгийн иргэд болон чулууны ченжүүд их хэмжээгээр нь түүж эхэлсэн билээ.

Өөрөөр хэлбэл говь нутгийн чулуу ямар ч хяналтгүйгээр урд хөрш рүү гарсаар байгааг манай сонин мэдээлж байсан юм. Харин “Говь нутгийн чулуу” хоршоо нь гоё сайхныг нь шилж сонгож, газрын хөрсийг онгичдоггүй. Тэд иргэдийн гар дээр хэдийнэ ирсэн чулуугаар бэлэг дурсгалын зүйл урладаг байна.

Н.Нарантөгс: Аль өнгөтэй, өөдтэй чулуу нь ченжүүдийн гарт орчихдог болсон учраас түүхий эд нь олдохгүйн зовлон байдаг.

Өөрөөр хэлбэл, байгалийн өнгөт чулуунаас нэг ч төгрөгийн татвар авч чадалгүй гадагш нь алдаж суухын оронд дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах боломж байгааг энэ хамт олон харуулжээ.

“Говь нутгийн чулуу” хоршоо нь өнгөт чулуу ашиглан төрөл бүрийн хөөрөг, шатраас эхлээд бэлэг дурсгалын зүйлсийг гараар урлаж байгаа юм. Мөн төрөл бүрийн бичиг хэрэгслийн зүйлсийг ч чулуугаар урлаж байна. Одоогоор хийсэн зүйлсээ Хамрын хийдэд байх дурсгалын дэлгүүрт худалдаалдаг гэнэ.

Тус хамт олон Дорноговь аймгийн 2013 оны “Брэнд бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч, шилдэг хоршоогоор шалгарчээ.

Шилдэг санаа сэдэж байгалийн болон үнэт чулуугаар бэлэг дурсгал, бичиг хэргийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн аймаг, орон нутагтаа оруулж буй тэдний хичээл зүтгэлийг ийнхүү үнэлсэн байна.

“Говь нутгийн чулуу” хоршооны үүслийн тухайд Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд бичил уурхайчдад орлогчийн хоёрдогч эх үүсвэр бий болгох замаар “Үнэт чулуу”-ны засал чимэглэлчийн сургалтыг 12 хүнд явуулж, орон нутагт ажлын байр бий болгох боломж байгааг харуулжээ.

Сургалтад хамрагдсан залуус цехээ хоршоо болон өргөжүүлж, нутгийнхаа брэнд болсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Гэвч орон нутагт нь аль өнгөтэй, өөдтэй чулуу нь ченжүүдийн гарт орчихдог болсон учраас түүхий эд нь олдохгүй зовлон бас байдаг тухай хоршооны дарга Н.Нарантөгс бидэнд ярьсан юм.

Тэд хятадууд шиг гоёмсог чулууг үнэ хаяж авч чадахгүй, авсан ч түүгээрээ хийсэн бүтээгдэхүүн нь түүхий эдийнхээ өртгийг гүйцэхгүй болохоор арга байдаггүй гэсэн. Энэ хамт олны чулуугаар хийсэн бүтээлүүдээс танилцуулж байна.

Зураг