ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Украинд юу болоод өнгөрөв өө

Зууны мэдээ
2014 оны 2 сарын 27
Зууны мэдээ
"Украиныг Европийн холбоо тийм ч амархан залгичихаж чадахгүй"

1991 онд ЗХУ задрахад тусгаар тогтнолоо олж авсан Украин улсад бас нэгэн хувьсгал гарч, Орост элэгтэй Ерөнхийлөгч Виктор Януковичийг албан тушаалаас нь хөөж буулгав.

Януковичийн засаг захиргаа 2013 оны арваннэгдүгээр сарын 21-нд Украин, Европын холбооны хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах бэлтгэл ажлыг зогсоох шийдвэр гаргасны дараа уурсан хилэгнэсэн Украин иргэд Майдан буюу Киевийн төв талбайд гарсан билээ. Европ руу ойртож, Европын холбоонд нэгдэнэ гэж итгэж байсан украин иргэд төв талбайдаа майхан барин буужээ. 2014 онынэгдүгээр сарын 16-нд парламент олон нийтийн эмх замбараагүй байдалд оролцсон хүмүүст оноох шийтгэлийг чангалсан хуулийг баталсан нь Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын эсрэг үзлийг дэвэргэж, тэр нь яван явсаар төрийн эргэлтээр дууслаа.

Хоёрдугаар сарын 22-нд сөрөг хүчний дарамт, шахалт дор хуралдсан парламент олонхийн саналаар Ерөнхийлөгч Януковичийг огцруулж хаяв. Үүний өмнөх өдөр Киев хотод цус асгаруулсан зэвсэгт мөргөлдөөнболж, олон арван хүн амиа алдсан нь дээрх шийдвэрт ташуур болж өгсөн юм. Хэн нь мэдэгдэхгүй мэргэнбуучид жагсагчид, иргэдийн эсрэг буудаж, шархдуулж байгаа нь телевизийн камерт бичигдэж, дэлхий даяараа харсан. Тэр өдөр ямар хүмүүс ийнхүү буудаж, иргэдийг хядаж байсан нь оньсого таавар хэвээр үлджээ. Жагсаал цуглааны хажуугаар, үндсэрхэг, нацист үзэлтэй залуус, бүлэглэл толгойгоо өндийлгэж, Засгийн газрын цагдаа, цэргүүдийн эсрэг зохион байгуулалттай дайрч байсан юм.

Үүний улмаас олон ч цагдаа амь насаа алдсан. Тэд цагдаа нарыг баривчилж, олзолж, бөөнөөр нь жагсагчдын өмнө гаргаж, хүчээр өвдөглүүлэн цугласан олны өмнө уучлалт гуйлгуулж ч байх шиг. Харин нэг ч цагдаа өвдөг сөхрөн ингэж уучлал гуйхаас татгалзаж байгаа нь харагдаж байна. Тушаал биелүүлснийх нь төлөө ийм залхаан цээрлүүлэлт байж болох уу. Евромайдан хэмээн нэрлэгдээд байгаа Украины ээлжит хувьсгал (үнэн хэрэгтээ төрийн эргэлт)-ын хажуугаар хэт даврагч, үндсэрхэг, радикал үзэлтнүүд ийнхүү дураараа дургиж буйн нэг жишээ нь энэ юм.

Украины парламент дахь хуйвалдааны улмаас эрх мэдэлгүй болсон Янукович зүүн нутаг руу явж, тэндээсээ гадаад руу нисэх гэсэн боловч бүтэлгүйтжээ. Эдүгээ тэрээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Киев хотоос 20 км-ийн зайд байдаг Межигорье дахь Ерөнхийлөгчийн эдлэнг иргэд, жагсагчид эзлэн, дотуур ньзугаалж, төрийн тэргүүнээ хэрхэн тансаг амьдарч байсныг харж авчээ. Аз болоход сөрөг хүчнийхэн тэрхүү эдлэнг тонож, дээрээмдэхээс сэргийлж харуул, хамгаалалт гаргасны ачаар Межигорье эдлэн бүрэн бүтэн үлджээ. Эдүгээ тэрхүү тансаг байшинг Авлигын музей болгох тухай ярих болов.

Орост элэгтэй Ерөнхийлөгчөө хүчээр зайлуулсан Украин улс эдүгээ Европ руу улам ойртох нь тодорхой биз. Гэвч тэрнээс наана шийдэх ёстой зайлшгүй чухал асуудал байгаа нь эдийн засаг юм. Сүүлийн арваад жилд олигтой өсч өндийгөөгүй Украины эдийн засаг сүүлийн хагас жилд улам доройтож, эдүгээ гадаадаастусламж авахгүй бол сүйрэхэд бэлэн болсон хэмээн шинжээч, тоймчид үзэж байна. Европын холбоо эдийнзасгийг нь тэтгэх мөнгө өгөхөд бэлэн байгаа ч мэдээж Засгийн газаргүй улсад мөнгө өгч, дахин “буруу гар”-аар оруулах сонирхолгүй байгаа нь мэдээж. Тиймээс украинчууд даруй Засгийн газраа бүрдүүлж, ойрын хугацааны хөгжил, чиг хандлагаа тодорхойлохоос өөр аргагүй байдалд орж байна.

“Нэн шинэ” Украин орон хаашаа явахыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Оросууд “Одоо Украинбидэнд хамаагүй, буянаараа болог” гээд орхихгүй нь ойлгомжтой. Европын холбоо, НАТО, АНУ-ын хувьд Кремльд дарамт шахалт үзүүлэх газар зүйн нэн таатай бүс нь Украин. Украиныг тойрон өрнөх дэлхийн улстөрийн, геополитикийн тоглолт өөрийн эрхгүй анхаарал татаж байна.

Виталий Кличко

Виталий Кличко: В.Янукович энэ их авлига, хууль зөрчсөн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой

Киевт энэ өдрүүдэд шинэ Засгийн газраа байгуулах ажил ид өрнөж, хэдхэн хоногийн өмнө сөрөг хүчин байсан нам, хөдөлгөөнүүд замбараагүйтсэн улс орноо эмхлэхээр бужигнаж байна. УДАР намын лидер Виталий Кличко ярьж байна.

-Киевийн төв талбайд жагсаж байсан “Барууны сектор”, Өөрсдийгээ хамгаалах ардын холбоо” зэрэг хүчнүүд. шинэ Засгийн газарт ямар нэг албан тушаалд очих уу?

-Хэн ямар албан тушаалд очихыг ярих хүсэл алга, Засгийн газар хэрхэн үр дүнтэй ажиллах вэ гэдэг л асуудал байна. Бүх улс төрийн хүчин гэхээсээ илүү хамгийн хугацаанд үр дүнтэй ажиллаж, улс орныг зөв замд оруулах хүмүүсийг гаргаж ирэх хэрэгтэй байна.

Европын холбоо руу ойртох төвөвлөгөөнөөсөө бид ухрахгүй. 

- Гэхдээ эвсэл байгуулагдана биз дээ?

-Бүс нутгийн нам (В.Януковичийн) энэ бүх зүйлийг хийснийхээ дараа “Бид сөрөг хүчин болж байна” гэж мэдэгдсэн нь хачирхалтай санагдаж байна. Төр, засгийн хангалттай өндөр албан тушаал эзэлж байсан хүмүүс ийм мэдэгдэл хийж байгаа нь сонин сонсогдож байна. Виктор Януковичийг огцруулахыг дэмжсэн депутатуудтай бид ямар нэгэн хардалт сэрдэлтгүйгээр хамтран ажиддах болно. Хамгийн гол нь тэд үр дүнтэй байх ёстой. Энэ Засгийн газар нь Украин орныг зөв замд нь оруулах нөхцлийг бүрдүүлэх техникийн Засгийн газар байх ёстой.

-Олон улсын валютын сан тусламж үзүүлэхгүй бол Украины эдийн засаг сүйрнэ гэж байна. Киевийн шинэ эрх баригчид ч тусламж ирэхээр болсон гэж яриад байгаа..?

-ОУВС мөнгө өгөхөд бэлэн гэдгээ аль хэдийнэ мэдэгдсэн. Гэхдээ зөвхөн явуулахад бэлэн болоод байгаа өөрчлөлт, шинэчлэлийн багцад мөнгө өгнө гэсэн. Шинэ Засгийн газар байгуулагдаж, шинэчлэлийн хөтөлбөрөө гаргаж тавьсны дараа л энэ тусламж орж ирэх байх.

-Виктор Януковичийг юу хүлээж байна вэ. Шинэ эрх баригчад түүнийг барьж чадвал яах бол?

-Одоо Украинд хамгийн их эрэн сурвалжлагдаж буй хүн нь Янукович болчихоод байна. Тэр хариуцлагаас зугтааж байгаа бол амиа алдсан хүмүүсийн төлөө хариуцлага хүлээхээс л зугтааж байгаа юм байлгүй. Үнэмлэхүй их эрх мэдлийг гартаа атгаж байсан Янукович энэ их авлига, хууль зөрчсөн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой.

-Түүнийг шоронд суулгах уу?

-Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тэр энэ олон зүйлд хариулт өгөх ёстой.

-Юлия Тимошенко Засгийн газрын албан бус, эсвэл албан ёсны ч юм уу лидер болох уу? Эсвэл тэр шууд Ерөнхийлөгчид өрсөлдөх үү?

-Үүнийг Тимошенко өөрөө мэднэ.

-Жагсаал цуглаан хэзээ тарах вэ?

-Засгийн газар байгуулагдаж, үр дүнтэй ажиллаж эхэлсний дараа тарна.

-Одоо ОХУ-тай хэн хэлэлцээ хийх вэ. Европын холбоонд элсэх талаар ямар ажил хийх вэ?

-Оростой хэлэлцээ хийх хүнийг (хэлэлцэгч) сонгоогүй байна. Европын холбоо руу ойртох төвөвлөгөөнөөсөө бид ухрахгүй. Украин газар зүйн хувьд ч Европын холбоонд хамаарна шүү дээ.

-Өнөөгийн парламентын анхны шийдвэрүүдийн нэг нь орос болон үндэстшш цөөнхийн хэлний статусыг дээшлүүлсэн бүс нутгийн хуулийг цуцалсан шийдвэр байсан. Энэ нь Донбасс дахь оросууд, Крым дахь татаруудад таалагдах уу?

-Үнэндээ энэ нь буруу шийдвэр болсон. Энэ асуудал руу өнөөдөр биш, хоёр гурван сарын дараа орох байсан. Бид энэ хуулийг эргэж харах ёстой.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг