Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Евгения Тимошенко: Янукович Европын холбоонд элсэх зөвшилцөлд хэзээ ч гарын үсэг зурахгүй

П.Булган, Өдрийн шуудан
2013 оны 12 сарын 5
Өдрийн шуудан
Зураг зураг
Украины Ерөнхий сайд асан Юлии Тимошенкогийн охин Евгения Тимошенко

Евгения Тимошенко. Эдүгээ шоронд хоригдож байгаа Украины Ерөнхий сайд асан Юлии Тимошенкогийн охин. Тэрбээр DW телевизэд дараах ярилцлагыг өгчээ.

-Сүүлийн хэд хоногт Украинд болж байгаа хэрэг явдлыг та хэрхэн үзэж байна вэ?

-Хамгийн чухал нь хүмүүс одоо гудамжинд гарч, Януковичийн дэглэмийн эсрэг тэмцэж эхэллээ. Шалтгаан нь Янукович гэрээнд гарын үсэг зурахаас татгалзаж, Украины Европын холбоонд элсэх боломжийг алдсан төдийгүй, гудамжинд гарч тайван жагссан хүмүүсийн эсрэг цагдаа нарын хүчийг хэрэглэсэн.

Үүнд Ерөнхийлөгчийн засаг захиргаа хориг тавиагүй. Евромайданд болсон жагсаалыг хөөн тараасан мөргөлдөөний тухай Украины засаг захиргаа мэдэж байсан. Хүмүүсийг шууд л зодож жанчиж эхэлсэн. Гэхдээ энэ нь эргээд эсэргүүцлээ эрч хүчтэй илэрхийлэх шалтгаан боллоо. Арванхоёрдугаар сарын 1-ний ням гаригт сая орчим Украин дахин гудамжинд гарсан. Ингэхээр энэ бол зөвхөн Европын холбоонд элсэх асуудлаар бус хүн өөрсдийнхөө хувь заяаны төлөө тэмцэж байгаа хэрэг юм.

-Засгийн газрыг огцруулах тухай сөрөг хүчний шаардлагыг Та дэмжиж байгаа байх аа?

-Тиймээ. Дэмжиж байгаа. Майданд болсон эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдаж байсан хүмүүс Засгийн газрыг огцруулахын тулд сөрөг хүчинтэй хэлхээ холбоо тогтоохыг эрмэлзэж байсан. Засгийн газрыг огцруулах асуудлыг хууль зүйн дагуу тайван замаар шийдвэрлэ^ нь зөв. Тухайлбал, Парламент Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах хэрэгтэй. Гишүүдэд жаахан ч гэсэн ёс зүй байгаа бол фракци бүлэглэлээ орхиж, Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг дэмжих учиртай. Харамсалтай нь Ерөнхийлөгчийг дэмжигчид парламентад олонхи байж, иргэддээ хүч хэрэглэхийг өөгшүүлж, эсэргүүцэгчдэд хатуу гэсгээл үзүүлэхийг дэмжигчид олон байгааг бид харлаа. Тэд бас Ерөнхийлөгч хийгээд Засгийн газрыг гудамжинд    эсэргүүцлээ илэрхийлэгчдээс “нуугдах”-ыг зөвтгөж байна.

-Вильнюст болсон “Дорнодын түншлэл”ийн дээд хэмжээний уулзалтын өмнөх сүүлчийн долоо хоногт Европын холбоонд элсэх зөвшилцөлд гарын үсэг зурах асуудалд Юлия Тимошенког их нөлөөлж байна гэсэн ойлголт байх шиг. Ээжийн чинь байдал ямар байна?

-Вильнюсийн уулзалтаас өмнөхөн хэрэв Янукович сүүлчийн минутад Европын холбоонд элсэх гэрээнд гарын үсэг зурахаар боллоо гэхэд үүнийг гагцхүү Юлия Тимошенког суллах нөхцөл болзолгүйгээр хийх байсан”-ыг ээж маань хэлж байсан. Гэсэн хэдий ч Европын холбоо тавьж буй нөхцөлөө Украинаар хангуулах нь зөвшилцөлд гарын үсэг зурах гол нөхцөл хэвээр байгаа нь энэ саммитын үеэр тодорхой боллоо.

Өөр нэг юм гэвэл украинчууд яагаад Европын холбоонд элсэх гээд байгаа нь тодорхой. Энэ бол эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал, улс орны ирээдүй, улс төрийн соёлыг эх орондоо авчрах гэсэн хүсэл эрмэлзэлийн илэрхийлэл юм.

Би өчигдөр ээжтэйгээ уулзлаа. Тэр ес дэхь хоногтоо өлсгөлөн байна. Ээж маань Европын лидерүүд болон бүх ардчилсан нийгэмлэгүүдэд хандаж, Януковичийн диктатурыг цэцэглүүлэх боломжийг бүү олгохыг уриалсан. Эсэргүүцлээ илэрхийлснийх нь төлөө залуучуудыг гудамжинд зодож жанчиж байгаа нь дарангуйлагч дэглэмийн эхлэл гэж харагдаж байна.

-Европын холбооны удирдагчдыг юу хийгээсэй хэмээн та бүхэн хүсч байна вэ?

-Юуны түрүүнд ээжийн минь үйл хэргийг битгий мартаасай, түүнийг улс төрийн дэглэмийн барьцааны хүн бүү болгоосой гэдгийг ардчилагчдад хандан хүсч байна. Украины ард түмний тэмцлийг дэмжиж байгаа Европын холбоооны удирдагчдад талархаж байна. Гэсэн хэдий ч улс орны маань байдал туйлын хүнд хэвээр байна. Засгийн газар болон Януковичийг эсэргүүцэж олон мянган хүн гудамжинд гарсан хэвээр байна. Тэднийг улс төрийн сөрөг хүчнийхэн ч бас дэмжиж, тавьж буй шаардлагыг эрх баригчдад хүргэхийн тулд хууль журмын хүрээнд дэмжлэг үзүүлж байна. Харамсалтай нь эрх баригчид хэрэг явдал, шаардлагыг үл тоомсорлож байна. Хүмүүс тэднээс тодорхой зүйл шаардаж байгаа. Тэр бол энхийн жагсаал хийж, тайван замаар эсэгүүцлээ илэрхийлсэн хүмүүст хүч хэрэглэсэн тэр буруутнуудыг хариуцлагад татах явдал.

-ОХУ-ын байр суурийн талаар та ямар бодолтой байна вэ? Энэ нөхцөл байдалд тэд хэрхэн хандаж байна вэ?

-Би улстөрч биш учраас үүнийг үнэлж цэгнэнэ гэдэг хэцүү. Гэхдээ Украин улсын иргэний хувьд Украины асуудал бол бидний хэрэг гэдгийг л мэдэж байна. Манай төр засаг юуны урьд улс орныхоо эрх ашгийг хамгаалж хээл хахуультай тэмцэх ёстой байх. Авлигажсан эрх баригчид Украины эдийн засгийг унагасан.

Европын холбоонд элсэх зөвшилцөл тасалдсаны дараа Януковичид европын интеграцтай харилцах стратеги хэзээ ч байгаагүй гэдэг нь одоо тодорхой болж байна. Янукович хэрвээ гарын үсэг зураагүй бол хэзээ ч зурахгүй хэмээн ээж маань үзэж байгаа.

Зураг