Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын "Чандмань эрдэнэ"-д гадныхан санаа тавихын учир

Т.Дулам, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 24
Өдрийн шуудан
Зураг зураг
Монголын "Чандмань эрдэнэ"-д гадныхан санаа тавихын учир

Нийслэлээс 70-аадхан километрийн зайнд Монгол орны байгалийн үзэсгэлэн цогцолсон арвин баялагтай, түүх соёлын дурсгалт газар байдаг юм байна.

Төв аймгийн Эрдэнэ сумыг залуус Чингисийн хөшөөгөөр иь мэдэх биз. Тэгвэл тус сумын нутаг дэвсгэрт Ар жанчивлангаас хойш 9.5 километр зайд дэлхийн цэвэр усны хагалбар цэг байдаг. ЗХУ-ын эрдэмтэд 1975 онд нээн судалж, гудамж тогтоосныг 1990 онд олон улсын эрдэмтэд баталсан байдаг.

Гурван тийш салаалсан чандмань эрдэнийн эхнийх нь Номхон далайд, дараагийнх нь Төв Азийг тэтгэдэг бол гурав дахь нь мөсөн далайн ай сав буюу эх нь юм байна.

Тэгэхээр манайх дэлхийг тэтгэх цэвэр усны сан хөмрөг аж. Бидний өвөг дээдэс усыг чандмань эрдэнэ хэмээн хайрлан хамгаалдаг байсан ийм учиртай аж. Харин өнөө цагт усыг хайр гамгүй буруу хэрэглэж байгаагаас дэлхий нийтээрээ усны хомсдолд орох цаг ойрхон байгаа юм

Дэлхий нийтээрээ 2020 он гэхэд усны хомсдолд орно гэдгийг шинжээч, судлаачид тогтоогоод байна. Энэ аюул нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс шалтгаалж нүүрлэхэд тун ойрхон байгаа гэдгийг сануулсаар байгаа.

Мөн 1990 онд дэлхий дээр 5,5 тэрбум хүн амьдарч байсан бол өдгөө 6,9 тэрбумд хүрсэн, цаашид 2020 онд 9,3 тэрбум болж өсөх тооцоо гарчээ.

Тиймээс усны хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр ховордоно гэсэн үг. Ус бол амьдралыг тэтгэгч гэдэг хэрнээ бид усаа шавхагдашгүй баялаг мэтээр буруу ойлгож хичнээн буруу хэрэглэдэг билээ дээ. Тиймээс эрдэмтэн шинжээчид энэ асуудалд толгойгоо өвтгөж, бидэнд усыг ариг гамтай хэрэглэхийг зөвлөж, сэрэмжлүүлсээр байна.

Дэлхийн хөгжилтэй орнууд өдгөө усны асуудлыг чухалчлан авч үзэж, усаа гамтай хэрэглэх, мод тарих, цөлжилтөөс хэрхэн сэргийлэх талаар томоохон ажлуудыг өрнүүлээд байгаа билээ. Монгол улс Төв Азид төдийгүй дэлхийн цэвэр усны хагалбар учир усаа илүү хайрлан хамгаалах учиртай.

Гэтэл сүүлийн жилүүдэд эрдэс баялагийн төлөө газар шороогоо хайр найргүй сэндийчиж, хортой бордоогоор бордож, хөрсийг ихээхэн хордуулсаар байгаа. Үүнээс үүдэн хөрсний гүнийн цэвэр усанд хорт бодис хүрэх аюулаас гадна цөлжих аюул нүүрлээд буй. Төв Азийн зарим улс хэдийгээр далайгаар хүрээлэгдсэн ч цэвэр усны хувьд хомсдолтой байдаг байна.

Япон улс гэхэд далайн усыг шүүж, цэвэршүүлээд ундандаа хэрэглэдэг болохын тулд туршилт, судалгаа явуулж буй гэнэ. Тиймээс цэвэр усыг хайрлан хамгаалахын төлөө Япон улсын засгийн газрын санхүүжилтээр “Цэнгэг ус-Байгаль хамгаалах төв” нэртэй төсөл БОНХЯ-тай хамтран хэрэгжиж байгаа юм байна.

Тус төвөөс усаа хэрхэн хайрлан хамгаалах талаар олон нийтэд сургалт явуулж нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн нийт 2700 орчим хүүхдэд усыг хайрлан хамгаалах, зохистой хэрэглэх талын мэддэг олгожээ.

Тус төвийнхөн хөдөө, орон нутгаар сургалтаа явуулахаар болж, үүний эхлэл болгон Төв аймгийн Эрдэнэ сумыг өнгөрсөн баасан гарагт зорьсон юм. Биднийг Эрдэнэ сумын Засаг дарга Б.Жамбагщорж угтан авч, сургалт явуулах орчныг бий болголоо. Дашрамд тус сумын ногоон хөгжилд чиглэсэн үйл ажиллагаатай ч танилцлаа.

Усаа хайрлан хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал

“Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв”-ийн Экологийн боловсролын сургалтын албаны дарга Л.Туул, Ч.Монгол-Эрдэнэ нар энэ удаагийн сургалтыг явуулав. Сургалтад тус сумын арван жилийн сургууль болон, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд хамрагдсан. Сургалт “Монгол 2030” киногоор эхэлж, Усаа хайрлан хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг залууст ойлгуулав.

Сургалт шүдээ угаах усаа аяганд хийгээд угаах, шүршүүрт орохдоо биеэ савандах зуур усаа түр багасгаж хаах, ус руу хог хаяхгүй байх, мод тарих, гол горхио хайрлан хамгаалах, бохирдуулахгүй байх зэрэг наад захын уламжлалт ойлголтыг өгөхөд чиглэгдсэн гэж хэлж болно. Хичээлийн завсарлагаанаас хүүхдүүдээс экологийн боловсролын талаар асуухад зарим хичээлтэй хавсарч ордог болохоор тусгай программ байдаггүй гэлээ.

Хэдэн жилийн өмнө экологийн бие даасан хичээл байсан бөгөөд өдгөө хасагдсан гэнэ. Одоо биологи зэрэг хичээлтэй хавсарч аж.

Энэ талаар “Цэнгэг нөөц байгаль хамгаалах төв”-ийн Экологийн боловсролын сургалтын албаны дарга Л.Туул багшаас тодруулахад, “Экологийн боловсролыг дэлхийн хөгжилтэй орнууд энэ тэргүүнд боловсролын салбартаа нэвтрүүлсэн байдаг.

Хүүхдүүд ч энэ талын хичээлдээ сонирхолтой юм билээ. Харин манайд энэ талын тусгай хичээл байхгүй учраас бид сургалт явуулж байна. Ер нь экологийн боловсролыг ерөнхий боловсролын хичээлийн программд оруулах шаардлагатай. Ердөө долоо хоногт 40 минутаар явахад л хангалттай шүү дээ.

Ялангуяа бага насны хүүхдэд байгаль дэлхийгээ хэрхэн хайрлан хамгаалах талын уламжлалт боловсролыг олгох нь чухал байна” гэсэн юм.

Эрдэнэ сумын Засаг дарга Б.Жамбалдорж гуай сургууль, цэцэрлэгийн багш нарт хичээлийнхээ зай завсраар эко боловсрол олгоход анхаарч ажиллахыг захив.

Зураг