Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран өнөөдөр “Улаанбаатар хотын усан хангамж: Өнөөдөр ба Ирээдүй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Төрийн ордны Иргэний танхимд болсон тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Усны үндэсний хороо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Усны салбарын төлөөлөгчид, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, "Монгол Улсын Усны түншлэл" ТББ гэх мэт усны салбарын нийт 45 төөлөгч оролцож, Нийслэл хотын ус хангамжийн одоогийн болон ирээдүйн талаар санал бодлоо солилцсон юм.
УСУГ алдагдалтай ажиллаж байна: Нэг литр уснаас авч байгаа төлбөр тус байгууллагын гаргаж байгаа 100 хувь зардлын 70 хувийг л нөхдөг
Хэлэлцүүлгээр ярилцсан гол асуудал усны замбараагүй хэрэглээний тухай байв.
Та бидний усанд хандаж байгаа хандлага хэтэрхий үрэлгэн, хайр гамгүй байна. Хэрвээ энэ чигээрээ байвал 2016 он гэхэд нийслэлийн иргэд цэвэр усны хомсдолд орно гэдгийг судалгаа хэдийнэ харуулсан.
Орон сууц ч бай уулан дээр ч бай нийслэлийн хаана ч амьдарч байсан ялгалгүй усны үйлчилгээ хүргэж байгаа байгууллагууд өнөөдөр хүнд нөхцөлд ажиллаж, өдөртөө 150-160 мянган тонн ус олборлож иргэддээ хүргэж байгаа тухай Ус сувгийн удирдах газрынхан хэлж байв.
Усны үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө иргэдээс 1 литр уснаас авч байгаа төлбөр энэ байгууллагын гаргаж байгаа 100 хувь зардлын 70 хувийг л нөхдөг аж. Үлдсэн 30 хувь нь алдагдал. Энэ байдал үргэлжлэвэл Улаанбаатар хотын ус хангамжийн үйлчилгээ дампуурч, хэзээд нээхэд урсан гардаг цэвэр ус тасрахад хүрэхнээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлүүлээд усны асуудалд анхаарал хандуулах шаардлага байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлсэн.
Усны салбар 250 гаруй тэрбум төгрөгийн өртэй
Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг хэлсэн үгэндээ усны үнэ тарифийн сэдвийг хөндөв. “Усны үнэ тарифийг сүүлийн 4-7 жилд огт өөрчлөөгүй. Усны салбарт усны үнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа ч иргэдийн зүгээс үүний эсрэг байр суурьтай байдаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт удаа дараа хүсэлт явуулсан ч одоо болтол шийдэлд хүрээгүй байна” гэлээ.

Нийслэлд ахуйн хэрэглээний ус үйлчилгээний үнээсээ хямд байдгаас ус хангамжийн салбар ихээхэн алдагдалтай болжээ. Ус сувгийн салбарын алдагдал 2012 онд 11,1 тэрбум төгрөг байсан бол 2013 оны гуравдугаар улирлын байдлаар 24,9 тэрбум төгрөгт хүрчээ. Салбарын хуримтлагдсан алдагдал 63 тэрбум төгрөг байсан бол 2013 оны гуравдугаар улирлын байдлаар 101,1 тэрбум төгрөг болж өсчээ. Тус салбарт 1990 оноос хойш Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, бусад санхүүгийн байгууллага, хандивлагч орноос зээлсэн зээлийн өр 150 гаруй тэрбум төгрөг болжээ. Алдагдал болоод зээл нийлээд Ус сувгийн салбарт 250 гаруй тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа аж.
Усны үнийг хөдөлгөлгүй хэт барьсан, усны нэгдсэн менежмент, салбарын бүтэц, зохион байгуулалт тааруу, технологи хоцрогдсон, хэрэглэгчдийн соёл муу зэрэг олон сөрөг хүчин зүйл байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж усны салбарт шинэчлэлт, өөрчлөлт нэн даруй хийх хэрэгтэй болсныг тэмдэглэцгээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!