- Хөндөх сэдэв -
Хоёрдугаар сарын 14-н хэдхэн жилийн өмнө жирийн л нэг өдөр байлаа. Гэтэл өнөөдөр монголын залуучууд, ялангуяа оюутнууд, 10 жилийн годгоносон охид, хөвгүүдийн хувьд улсын баяр наадам, Цагаан сараас ч илүү эрхэм чухал тэмдэглэлт баярынх нь өдөр юм гэнэ.
Валентины баяр гэгчийг хэзээ хэн, ямар учраас бодож олсныг огтхон ч мэдэхгүй хэрнээ олонх нь хоногийнхоо түлээ, нүүрсээ арайхийн аргацааж байгаа эцэг эхээсээ Валентины баярын мөнгө нэхэн хошуугаа унжуулцгааж суугаа бол эрх мэдэлтнүүд, баячуудын юу ч үзээгүй, юм мэдэхгүй бацаанууд хотын төвийн аль тохилог ресторан, шөнийн клубуудыг бүтэн өдрөөр түрээслэх нь холгүй Валентинддаг болжээ.
Уг нь ХVI зуунд Ромын эзэн хаан II Клавдийн цэргүүдийг нууцаар гэрлүүлж байсныхаа төлөө үхэх ял сонсон хоригдож байхдаа шоронгийн даргын сохор охинд дурласан Терни хотын санваартан Валентин гэгчээс энэ өдрийн түүх эхэлсэн байдаг.
Хоригдол санваартанг сохор охин ч байнга эргэдэг байж. Гэтэл Валентин ламыг цаазлуулахын өмнөхөн охин хараа орж санваартан ч “Чиний Валентинаас” гэсэн эхний бөгөөд эцсийн захиагаа бичсэн юм гэнэ лээ. Ингээд Валентин ламыг цаазалсан өдрийг “Гэгээн Валентин”-ы өдөр буюу гэгээн хайрын өдөр хэмээн тэмдэглэдэг болсон түүхтэй юм билээ.
Валентин ламыг цаазалсан өдрийг “Гэгээн Валентин”-ы өдөр буюу гэгээн хайрын өдөр хэмээн тэмдэглэдэг болсон түүхтэй
Харин өнөөдөр энэ талаар юу ч мэдэхгүй, сонсоогүй, уншаагүй залуус “Валентины баяраар хамт шоудах охин, хөвгүүн байна уу” хэмээн цахим ертөнц, FM радио, гар утас, телевиз гээд байж болох бүх л мэдээллийн хэрэгслээр зар тараан, хоосон толгойгоо балбан сууцгаах болж.
Ганц өдөр хэн нэгнээсээ илүүрхэн чамирхаж, хайртай, дуртай, чамгүй бол үхэх нь, хатах нь гэж гонгинолдож байхаар “Мартын найманд ээжийгээ яаж баярлуулъя даа” гэж дотор сэтгэлээ гэрэлтүүлж явбал хүн болж төрснийх нь хумсын толионы чинээ гавьяа байхсан.
Жилийн энэ л өдрийг “Гэгээн хайрын өдөр” гэж хэн нэгнээс сонссон үгээр мөчидхөн ойлгочихоод худлаа хоосон дэгжирхэж, нас бие нь урган төлжих яагаа ч үгүй байхад нүгэлт орчлонд эр, эм бололцох гэж үхэлдэн зүтгэцгээхийн оронд ядаж л Валентин гээч санваартныхаа тухай жаахан ч болов мэдэхийн тулд, тархи толгойгоо гэгээрүүлэхийн тулд, алгын чинээхэн ч болтугай ном уншвал өөрсдөд нь хэрэгтэйсэн.
Хаа хамаагүй буруу номтон санваартны цаазлуулсан өдрийг “Гэгээн хайр”-ын өдөр гэж гонгинолдож байхаар “Гэгээн хайр”-аа насан туршдаа зориулах аав, ээж, ахан дүүс, цаашлаад улс Монголдоо хэрэгтэй хүн болохын төлөө унших, бас дахин унших хэрэгтэй санагдана.
Өнөөдөр Валентиндаж яваа залуус ерөөсөө ном уншихаа больсон. За даа, арга ч үгүй юм байхаа даа. Боловсрол хариуцсан яамных нь хурган дарга хүүхэн уран зохиолын хичээлийг дунд сургуулийн хичээлийн программаас хасуулах тухай яриад сууж байхад хүүхэд, залуусыг ном, уран зохиол унш гээд ятгаж суух нь ямар ч утгагүй санагдаад байгаа юм.
Валентиндаж яваа оюутан залуусаас монгол хэлний зөв бичгийн дүрмээр шалгалт авбал “А” үнэлгээ авах нь ёстой л “өдрийн од” гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй. Манай нэг Соёлын гавьяат зүтгэлтэн хичээл заадаг кино урлагийн дээд сургуулийн гурав, дөрөвдүгээр курсын оюутнууддаа “За нөхөд минь монгол хэлэнд эр, эм эгшиг гэж байдаг юм шүү” гэж хичээл орох болгондоо хэрүүл хийдэг талаараа толгой сэгсрэн ярьж байсан.
“Гэгээн хайр”-ын өдөр хэмээн эр, эмгүй шоудаж яваа оюутнуудаас монголын болон дэлхий дахины түүх, суут хүмүүсийн амьдрал, уран бүтээл, дэлхийн сонгодог уран зохиол, уран зураг, хөгжмийн түүхээр “АХА” нэвтрүүлэг хийвэл ёстой жинхэнэ ХХI зууны сонгодог эмгэнэлт, инээдмийн нэвтрүүлэг болно гэдэгт миний хувьд огтхон ч эргэлздэггүй.
Ер нь энд л гэж хэлэхэд “АХА” нэвтрүүлгийг дахин, дахин үзэж өнөөдөр Валентиндаж яваа монголын ирээдүй болсон хүүхэд залуусынхаа уншсан, дуулсан, сурсан мэдсэнийг шүүмжлэн ярилцаж дээр доргүй буруу зөвийг нь тунгаахад буруудах зүйл ерөөсөө үгүй.
Өнөөдөр монголын залуус хэзээ ч урьд нь уншаагүй буруу номтон санваартан Валентин гээчийг цаазалсан өдрийг тэмдэглэж “Гэгээн хайр”-ын өдөр гэцгээгээд гиюүрцгээж яваа. Энэ өдөр ийм л өдөр өө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!