Сүүлийн үед цахим ертөнцөөр ан хийх нэрийдлээр чоно болон бусад амьтныг авто машинаар дайрч, галт зэвсэг ашиглан хэрцгийгээр хөнөөж байгаа залуусын дүрс бичлэг, зураг ихээр мэдээлэгдэх болсон.
Тэгвэл эдгээр мэдээллийн мөрөөр УМБГ-аас мөрдөн байцаалт явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасгын дарга, хошууч Э.Гантулгаас дараах зүйлийг тодруусан юм.
-УМБГ-аас цахим ертөнцөөр цацагдаж буй ан, амьтан агнасан мэдээлэлд шалгалт хийж эхэлсэн. Одоогоор хэчнээн анчдыг шалгаж байна вэ?
-УМБГ-аас цахим мэдээллийн хэрэгслээр тархсан ан агнууртай холбоотой дөрвөн зургийн дагуу шалгасан. Улмаар гурвыг нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, торгуулийн арга хэмжээ авах саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Харин нэгийг нь харьяалалын дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газарт шилжүүллээ.
Хууль бусаар саарал чоно агнавал 1.2 сая, хүрэн баавгай агнавал 15 сая, зэрлэг гахай агнасан тохиолдолд 1.4 сая, цагаан зээр агнасан бол 1.1 сая төгрөгөөр торгоно.
-Нэг хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үг үү?
-Тийм ээ. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар 11 чоно агнасан анчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Харин хоёр машинаар чоно дайрч алсан хэргийг шалгаж дуусаад нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Түүнчлэн Говь-Алтай аймагт бөхөн, ирвэс, тарвага агнасан анчдын хэргийг шалгаж байна.
-Ингэхэд хоёр хоногийн өмнө Улаан номд орсон цоохор ирвэсийг агнаж улмаар нийслэлд зарж борлуулахыг завдсан этгээдүүдийг саатуулсан. Эл хэрэг ямар шатандаа явна?
-Цоохор ирвэстэй холбоотой хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Зөвшөөрөлгүй ан агнасан тохиолдолд хуулийн ямар хариуцлага тооцох вэ?
-Хууль бус ан агнуур гэдэг нь нотлогдсон тохиолдолд гэрэл зураг дээрх хүмүүс хуулийн хариуцлага хүлээнэ.
Тухайлбал хууль бусаар саарал чоно агнасан тохиолдолд 1.2 сая, хүрэн баавгай агнавал 15 сая, зэрлэг гахай агнасан тохиолдолд 1.4 сая, цагаан зээр агнасан бол 1.1 сая төгрөгөөр торгоно. Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэн таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!