Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл /ХСУХАТАҮЗЗ/ “Mongolian Economy” сэтгүүл болон тус сэтгүүлийн дэргэдэх “Ногоон эдийн засгийн өсөлт” ТББ хамтран энэ сарын 13-наас ирэх сарын 13 хүртэлх нэг сарын хугацаанд “Цэнхэр сувдаа хайрлан гамнацгаая” сэдэвт кампанит ажлыг өрнүүлэхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн усан хангамжийн техник тоног төхөөрөмж 40, 50 жилийн насжилттай болж өвгөрсөн зэрэг олон бодит аюул бидний өмнө тулгамдсан байна.Энэ талаар мэргэжлийн хүмүүс болоод эрдэмтэн судлаачдын илэрхийлж байгаа байр суурь, сэтгэл зовинолыг төр, засгийн бодлого, шийдвэр гаргагчдад зөв ойлгуулах, олон нийтэд усны зөв хэрэглээг хэвшүүлэх, бодит мэдээллийг өгч, эцсийн дүнд усны үнийн талаар төрийн зөв бодлоготой болох зайлшгүй шаардлага бий болж.
Нийслэлийн усан хангамжийн техник тоног төхөөрөмж 40, 50 жилийн насжилттай болж өвгөрсөн.
“Цэнхэр сувдаа хайрлан гамнацгаая” кампанит ажлын зорилго:
-Нэгдүгээрт, усны эдийн засаг хийгээд гүний цэвэр усны нөөцгүй болохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг ард түмэн болон төр, засгийн шийдвэр гаргаж, бодлого тодорхойлогчдод ойлгуулж, усны үнэ тарифийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бийг олон нийтэд дэлгэн мэдээлэх.
-Хоёрдугаарт, дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг “Цэнхэр судваа хайрлан гамнацгаая” уриатай нэг сарын аянд идэвхтэй оролцож, “Ус чандмань эрдэнэ” гэж хэлэхээс цаашгүй усны замбараагүй хэрэглээтэй монголчуудыг хэдхэн жилийн дараа уух усгүй энэлэн суух аюул, эсвэл маш үнэтэй ус хэрэглэж эдийн засгийн дарамтад орох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахыг уриалах юм.
1000 литр усыг 320 төгрөгөөр худалдан авч байна
Ингэсний үр дүнд, ус хамгийн үнэ цэнэтэй, стратегийн бүтээгдэхүүн, усны эдийн засгийг зөв бодлогоор авч явж, зохистой хэрэглээтэй ард түмэн болох нэгдсэн, бодит ойлголтыг нийгэмд төлөвшүүлж чадна.
Мөн төр, засгаас зөв шийдвэр, бодлого хэрэгжүүлэх нөхцөл бий болох юм.
SOS!2016 он гэхэд цэвэр усны нөөц хомсдоно
Дэлхий дээрх хамгийн үнэтэй эрдэнэ болсон усаа монголчууд бид үнэгүй, хэзээ ч дундрахгүй зүйл мэт хайр гамгүй хэрэглэж байгаа нь 2016 он гэхэд цэвэр усны нөөц хомсдох аюулыг даллаж эхэлжээ.

Хүн амын өсөлт, цаг агаарын дулаарал, цөлжилттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд энэ байдал улам хүрээгээ тэлж байгаа талаар олон улсын байгууллагын судалгаа тооцоо ч захаас аван бий. Нэг үгээр хэлбэл, цэвэр усны нөөц дэлхий нийтийн анхаарлын төв дэх сэтгэл эмзэглүүлсэн асуудал боллоо.
Жишээ нь, Улаанбаатарын орон сууцны хэрэглэгчид өдгөө нэг литр усыг 32 мөнгөөр худалдан авч буй. Гэтэл зах зээлийн нийгмийн шилжилтийг амжилттай хийсэн монголчуудын хэрэглээнд өнөөдөр зоосон мөнгөөр хэмжигдэх бараа уснаас өөр байхгүй.
Хамгийн үнэтэй зүйлээ ийнхүү үнэлж чадахгүй суугаа нь ямар учир шалтгаантай вэ. Орон сууцны айл өрх нэг литр усыг 32 мөнгөөр тооцож үйлчилгээний хөлс төлдөг юм бол тэд нэг тонн буюу 1000 литр усыг 320-хон төгрөгөөр худалдан авч байгаа гэсэн үг. Энэ мөнгөөр өнөөдөр хүүхдэдээ жигнэмэг ч авч өгч дөнгөхгүй шүү дээ.
Мэдээллийг хамтран бэлтгэсэн: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!