Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр “11 11 төв”-д ажиллалаа. Энэ үеэр 6000 орчим иргэн хандаж, мэдээлэл авсан байна.
Боловсролын шинэчлэл, их дээд сургуулийн сургалтын чанар, шинээр баригдах сургууль, багшлах боловсон хүчин, сурагчдын дотуур байр, шинжлэх ухааны салбар зэрэг олон асуудал хөндсөн уулзалт ярилцлагын үеэр “Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын цагийг хасах уу” гэсэн асуулт хамгийн олон иржээ.
Үүнд Л.Гантөмөр сайд хариулахдаа “Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасна гэсэн яриа огт гараагүй. Хэлний яруу сайхан, гайхамшиг нь уран зохиолд байдаг. Энэ гайхамшгийг монгол хэл ба нийгмийн ухааны хичээлд хэрхэн ашиглах тухай бол бид ярьж байгаа. Дунд сургуулийн сурагчдыг 12 жил сурах хугацаанд уран зохиолын хичээл 2347 цаг орно” гэлээ.
Түүнчлэн энэ онд 85 цэцэрлэг, 80 сургуулийн барилга шинээр хүлээж авна гэсэн мэдээллийг сайд өгчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!