Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Говьд харын зуд нүүрлэж, ан амьтад худаг бараадах болжээ

Н.Лхагва, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 11
Өдрийн шуудан
Зураг зураг
Говьд харын зуд нүүрлэж, ан амьтад худаг бараадах болжээ

Говь нутгаар өнгөрсөн оны аравдугаар сараас хойш цас ороогүйгээс болж харын зуд нүүрлээд байгаа юм.

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд л гэхэд цас огт ороогүйгээс жижиг булаг ширгэж, ирж буй хаврыг хүн малгүй худаг бараадахаас аргагүйд хүрсэн гэнэ. Гэтэл энэ байдал ан амьтанд хүртэл аюул дагуулаад байгаа тухай нутгийн иргэд мэдээлэв.

Иргэдийн ярьснаар энэ бүс нутагт идээшиж дассан аргаль, янгир, хулан зэрэг ан амьтад ховор үзэгдэх болжээ. Тэр ч бүү хэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт хэд хэдэн янгир үхсэн байхыг малчид харсан байна. Энэ тухай өчигдөр Монголын ан амьтан хамгаалах үндэсний хорооны мэргэжилтэн А.Баясгалангаас тодруулсан юм.

-Говьд харын зүд нүүрлэж уулнаас зэрлэг амьтад буусан, янгир харангадаж үхсэн гэж байна. Та нарт ийм мэдээлэл ирсэн үү?

-Сүүлийн жилүүдэд говийн бүс нутаг зундаа гандуу байсан. Өнгөрсөн жил бол бүр ч их гантай байлаа. Зэрлэг ан амьтад ихэнхдээ говьд амьдардаг юм шүү дээ. Тэд амьтан л юм хойно усгүйгээр яаж амьд явах билээ. Уг нь зэрлэг амьтад хяруу унах төдийд л ундаалдаг юм гэсэн. Гэтэл энэ жил говь нутаг дулаан байснаас зэрлэг амьтан гэлтгүй хүн малд хүртэл хүндрэл учруулж байна. Гурвантэс сумын нутагт Тостын нуруу гэж үргэлжилсэн их уул бий.

Энэ жил говь нутаг дулаан байснаас зэрлэг амьтан гэлтгүй хүн малд хүртэл хүндрэл учруулж байна.

Түүнийг янгирын уулс гэдэг юм. Янгир маш элбэг байдаг. Саяхан тэндхийн янгир худаг дээр ирж ус ууж байсныг нутгийн иргэд хэлсэн. Нэг онцлог нь энэ нутгийнхан хангайнхаа амьтдаас хорооно гэж байдаггүй юм билээ. Бас таны ярьж байгаачлан нэлээдгүй янгир харангадаж үхсэн байна гэсэн.

-Харангадаж үхсэн гэдгийг иргэд яаж мэдсэн юм бол. Гадны нөлөө байсан юм биш байгаа.

-Үгүй гэсэн. Сархинаг нь хатчихсан байсан гэж нутгийн иргэд ярьсан шүү. Хүн мал гэлтгүй зэрлэг амьтанд ч ус чандмань эрдэнэ болоод байна даа.

-Тэгээд энэ сайхан ан амьтнаа хамгаалах талаар орон нутгийн удирдлагууд ямар ажил хийж байгаа юм бол. Туслаж дэмжиж байгаа газар бий болов уу?

-Орон нутгийнхан арга хэмжээ авч байгаа байх. Мөн “Монголын ирвэс хамгаалах сан” ихээхэн анхаарахын хажуугаар SGS, МАК зэрэг байгууллагуудтай хамтран зэрлэг амьтдад 10 тонн мөс тавьж өгсөн гэсэн. Цаашид Тостын нуруунд булаг шанд сэргээх талаар ажил хийх гэж байгаа тухай дуулдсан.

Тэрбээр ийн ярьсан юм. Ямартай ч зэрлэг ан амьтнаа авч үлдэхийн тулд нутгийн иргэд, малчид бас нийгмийн хариуцлагаа ухамсарласан компаниуд багагүй зүтгэл гаргаж байгаа аж.

Түүнчлэн өнгөрсөн жилийн тооллогоор Тостын нуруунд 400 гаруй янгир байгааг тоолжээ. Уг нь нутгийн иргэд янгир элбэгшсэнд баярлаж, байгаль дэлхий эргэн сэргэж байна хэмээн бэлгэшээж байсан ч харын зудаас болж хэцүүхэн байдалд ороод байгаа нь энэ юм байна.

Зураг