Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан аварга Д.Цэрэнтогтох: Гурван дархан аваргыг хаяж анх удаа түрүүлж байлаа

Ж.Цэцэгмаа
2014 оны 1 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ XX зууны сүүлийн хагаст тодрон гарч ирсэн бөх бол Монгол Улсын дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох билээ. Эр хүний жудаг, хийморийг цогцлоож, Монгол түмэндээ хүндлэгдэн, хайрлагдсан түүнтэй уулзаж ярилцлаа.

-Сар шинийн баяр дөх­сөн энэ өдрүүдэд тан­тай уулзаж ярилцаж байгаадаа баяртай байна. Цэрэг эр Д.Цэрэнтогтох ард түмэнд танигдаж үндэсний бө­хийн цолд хүрсэн нь 1972 он. Та түүхийн хуудсыг эргэн нэг сөхөөч?

-Би бөхийн спортод 1969 оноос хөл тавьсан. Хугацаат цэргийн албанд 20 насандаа татагдаж бө­хийн эрдэм мэдлэгийг Монгол Улсын ардын багш Чимэдбазарын Дам­дин­шарав гуайгаар заал­гаж явсан. 1971 онд Батлан хамгаалах нийгэм­лэгийн бөхийн дугуйланд хичээллэж эхэлсэн. 

Тэр үед одоогийнх шиг самбо, жүдо, чө­лөөт гэж тусдаа хичээл­лэж бай­­­сангүй. Дамдин­шарав гуай болон алдар нийгэм­лэгийнхэн Зүүн­баянгийн цэргийн ангиас биднийг шал­гаруулж авсан. Ин­гэж л бөхийн спортод орсон түүхтэй. 
1972 оны баяр наад­маар зургаа давахдаа Монгол Улсын аварга Ч.Бээжингээр, П.Дагва­сүрэн арслангаар давж өсөх идэр чимэг хүртэж явлаа даа ах нь.

Улсын цол хүртэнэ гэдэг толгойд нэг л бууж өгдөггүй байсан.

-Ардын багш Ч.Дамдин­шарав гуай эхлээд таныг хараад амжилт гаргана гэж бодоогүй гэдэг. Багшийнхаа хараанд өртөж эхэл­сэн нь 1972 оны хавар уу?

-Тийм ээ. Өвлийн цагт Цагаан даваан дээгүүр ши­нельтэйгээ бэлт­гэл хийнэ. 
Ер нь бэлтгэл сур­гуулилтыг маш хүнд нөхцөлд хийдэг байсан. Дамдиншарав багш эхэн­дээ намайг ямаршуухан та­­мирчин болох бол гэж эргэлзэж явсан гэдэг. 
Харин 1972 оны хавар На­лайхын цаана бөөнөөрөө эрчимтэй бэлтгэлд гарсан тэр үеэс л ер нь бэлтгэл ч жигдэрч эхэлсэн байх. Тамирчин хүний бэлтгэл сургуулилт жигдрээд эхэлвэл барилдааны техник ч гарт ороод эхэлдэг юм. 

-Тухайн үедээ ердөө гурав л давах зорилготой гарсан гэдэг нь үнэн үү?

-Тийм бодол байсныг нуухгүй. Тухайн үед улсын цол хүртэнэ гэдэг толгойд нэг л бууж өгдөггүй байсан. 

-Яагаад гурав давах бодолтой байсан юм бэ. Нэг л зүйл нөлөөлж дээ?

-Тэр үед би Зүүнбаянгаас “Алдар“ нийгэмлэгт ирчих­сэн байсан.Цэргийн хүүхэд улсад гурав давбал 15 хоногийн ар гэрийн чөлөөгөөр шаг­нуулдаг. Гэр орноо санасан хүнд хамгийн чухал нь чөлөө биз дээ. (Инээв)

-Таныг 1972 оны олим­пийн наадмын бэлтгэлд оролцсон гэх юм билээ?

-Дамдиншарав багш цэр­гүүдээ дагуулж очсон нь тэр. Тухайн үед бэлтгэлд оролцож байсан жүдо, чөлөөт бөхийн тамирчдын дунд үндэсний бөхийн барилдаан боллоо. 
Гэтэл шөвгийн дө­рөвт хоёр Мөнх аварга, би Цэрэндаштай үлдэж байсан. Тэр үед багш минь цолд хүрэх магадлалтай юм байна хэмээн таамаглаж байсан гэдэг. 

-Та улсын баяр наадамд начин цол хүртчихээд дөр­вөн жил ба­рилдаагүй. Хэсэг хугацаанд зав­сар­ласан ч Монгол Улсын заан цол хүртсэн?

-Нэг хэсэг наадмаар га­дагшаа, дотогшоо тив, дэл­хийн аварга шал­гаруулах тэмцээнд оролцохоор яв­чихдаг байсан. 

-Таныг түрүүлдэг жи­лийн өмнө Монгол Улсын аварга Д.Хадбаатар улсад түрүүлж байсан. Ха­рин та заан цолыг хүр­тэхдээ аваргыг өвдөг шо­роо­дуул­сан?

-Тийм ээ. Долоо давж Монгол Улсын заан цол хүртсэн. Бид хоёр он жавууд. Ер нь үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ олон жил өрсөлдөж ирсэн. Шийд­вэрлэх цолд хүрэхдээ ана мана л өрсөлдөж байж хоёул улсын хүндтэй цолд хүрч чадсан гэж боддог. 

-Уг нь танд 1975 оны Монголын бүх ард түмний спартикадаар Монгол Улсын заан цол олгох бай­сан гэдэг шүү дээ?

-Би барилдаан бүрээ маш тод санадаг. Нэг нь давж, нөгөө нь унадаг хоёр хүчит аваргыг анх унагаснаа бүр тод санадаг юм. 
Ж.Мөнхбат аваргыг 1975 онд Монголын бүх ард түмний спартикадын барилдаанд анх давсан. Тэ­гээд Х.Баянмөнх аваргад унаж хоёрдугаар байрт шал­­гарч байлаа. Тухайн үед л заан бол хүртэх байсан ч дараа нь хүртсэн. 

-Таныг заан цол хүр­тэхэд хамгийн гол нөлөөл үзүүлсэн эрхэм нь Д.Дамдин аварга гэдэг?

-Заан цолтой болохоор тавын давааны тунаанаас мултарч ам авах болсон. Гэвч зургаагийн даваанд мөн л тунаж байв. Харин долоогийн даваанд Д.Дамдин аварга намайг амлаж тунаанаас гаргасан юм. 

-1978 оны үндэсний их баяр наадам. Та гурван аваргыг өвдөг шороодуулж ардын төрийн их наадмын түрүү бөхөөр тодорсон?

-Монгол Улсын арслан цол хүртэж байлаа. Д.Дамдин, Х.Баян­мөнх, Ж.Мөнхбат нарын дархан аваргуудыг давж анх удаа түрүүлж байлаа. 

-Ямар мэхээр Мөөеө аваргыг өвдөг шороодуулж байв?

-Хав дөрвөлжин барьц­наас л хөлж авч хаяж байсан.

-Тухайн үедээ л сүрддэг бөхчүүд чинь хоёр Мөнх байсан нь гарцаагүй байх?

-Хоёр Мөнх аваргаас эхлээд нэгэн үеийн шинэ залуу бөхчүүдийн барил­даан ч тухайн үедээ хүчтэй байлаа. Хэн нь илүү бэлт­гэл сургуулилт хийж, хөдөл­мөрлөж чадна. Тэр нь илүү дээш явна. Баянаа аваргад зориулж жилийн турш мэх давтах үе ч бишгүй л байсан. 

-Улсын наадамд дөрвөөс илүү түрүүлэх боломж байсан уу?

-Байсан, байсан. Тэм­цээ­ний үеэр бэртсэн, аваарь осолд орсон гээд алдсан тү­рүү­нүүд бий. Гэхдээ хүсч тэ­мүүлсэн цолдоо хүрч чадсан. Нэг их харамсаад байдаггүй дээ. 

-Хэдэн оны наадмыг нь сайн мэдэхгүй юм. Х.Баянмөнх аваргын ам мэхэнд орж байсан гэдэг?

-Тийм ээ, 1987 оны Улсын баяр наадам. Үнэхээр харамссан. Баянаа аварга өрж байхдаа “Чи ид гарч ирж байгаа Бат-Эрдэнийг ийм амархан хаяж байгаа юм чинь над шиг хөгшнийг гарын үзүүрээр л хаяна. Яарч хаях гээд яахав. Тү­рүүлэх чинь тодорхой юм чинь жаахан тогтож барил­даарай” гэсэн. “Нээрээ ч тийм дээ“ гэсэн шүү юм бодоод тулаад зогсож байтал гэнэт хүчтэй зайлсан. 

-1987 он гэхээр Баянаа аваргын 10 дахь түрүү байж ээ?

-Тийм, тийм. 

-Тэгвэл та эсэргээрээ өр­сөл­дөгч бөхөө ам мэхэнд оруулж байсан түүх бий юу?

-Надад тийм зүйл хийж явсан нэг ч тохиолдол байх­гүй. 

-Та заан, арслан, аварга, даян аварга, дархан аварга гэсэн монгол бөхийн таван өндөр дараалсан цолыг та­ван жилийн хугацаанд ав­сан. Харин танаас өөр...?

-Д.Дамдин, Ж.Мөнхбат аварга бид гурав энэ түүхийг хамтдаа бичилцсэн байх. 

-Чөлөөт бөхийн спортоор хичээллэх хугацаандаа хү­рэл медалийг тун цөөн хүрт­сэн гэх юм билээ?

-Чөлөөтийн 90 кг-д хүч үздэг байлаа. Олон улсын тэмцээн уралдаанд алга­сал­гүй оролцож явсанаас 80 гаруй медаль хүртсэн бай­даг. Энэнээс хүрэл медаль тоотой хэд л бий дээ. 

-Та хамгийн анхны тэм­цээнээ дурсаач. Миний сонс­соноор 16-хан настай хүү сумандаа тү­рүүлж байсан гэдэг?

-Хамгийн анх гэвэл 1961 онд сургуулийн аварга шал­гаруулах тэмцээнээр тү­рүүлж байлаа. Түүний дараа 1967 онд сон­гуу­лийн барилдаанд оролцож мар­­­таг­­дахааргүй амжилт үзүүлсэн гэж боддог. 
Одоо бодоход манай суманд чинь сумын заан цолтнууд байхгүй. Би ёстой л 16-тай байсан байх. Тэр барилдаанд өөрөөсөө том бөхчүүдтэй таарч түрүүлж байлаа. Эргээд бодоход сайхан санагддаг юм.

-Таны анхны багш Ч.Дамдиншарав гуай Мон­гол Улсын арслан П.Дагва­­сүрэнд таныг өгч бэлт­гэл сургуулилт хийлгэж эхэлсэн гэдэг. Ямар бэлтгэл түлхүү хийдэг байв?

-Багш минь тэсвэрийн бэлтгэл ихээхэн хийлгэдэг байсан. Өглөө оройд уул өөд гүйлгэнэ. Кросст их гүйхэд мэдрэмж нэлээн сай­жирдаг. Өөрөө тамирчин байсан бо­лохоор энэ талын зүйлийг маш сайн мэддэг байсан.Багш нарынхаа ачаар тухайн үедээ хөдөлгөөн, авахаалж сам­баагаар сайн бөхчүүдийн тоонд л ордог байсан. 

-Гэтэл одоо эсэргээрээ. Үндэсний бөхчүүд хөдөл­гөөнт тоглоом гээч зүйлийг мартсан?

-Одооны залуучууд жин нэмэх ханд­лагатай бол­чи­хож. Энэ нь үндэсний бө­­хийн холбооны дүрэмтэй л холбоотой. Жишээ нь айм­­­гийн цолтой бөхчүүд 105 кг-аас дээш жинтэй байх­гүй бол хүн дийлэхгүй гэсэн ойлголт төрүүл­чихсэн. Ингэхээр таргалах ямар л арга хэлбэр байна түүнийг бөхчүүд сонгох болж. Миний үед хөдөлгөөнт тоглоом их тоглодог байсан. Уг нь харахад үндэсний бөхчүүд спорт тоглоомыг тогтмол тоглох хэрэгтэй. Залуу бөхчүүддээ хандаж “Хөдөлгөөнт тоглоом та нарыг цол нэмэх, бөхийн нарийн арга ухаантай болоход чинь чиглүүлнэ” гэдийг захимаар байна. 

-Таны хүүхдүүдээс бө­хөөр хичээллэсэн то­хиол­дол бий юу. Монгол Улсын гарьд Д.Рагчааг таны хүр­гэн гэдгээр мэдэх юм?

-Бид таван хүүхдийн эцэг, эх. Тэднээс одоо хоёр хүү, нэг охин нь байна. Хүү Ц.Базаррагчаа минь аймгийн цолтой. Миний охин спортоор хичээллэж бай­гаад орхисон. Мөн ми­ний бага хүү барилдаж бай­гаад тариурын вирус авч тэр цагаасаа спортоос хөн­дийрсөн. Уг нь нэлээн сайн барилдчих болов уу гэж бодож байсан. Даанч болж өгөөгүй, спор­тыг орхисон. Хүүхдүүдийн минь хүүхдүүд гэж олон болж байна.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Ца­гаан сарыг та хэрхэн өн­гө­рүүлдэг вэ?

-Монгол түмний нэн эрт­нээс тэмдэглэн ирсэн уламж­­лалт баяр. Манай гэр бү­лийн хувьд ч өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. За­­луу байхад сар ши­нийн баярт зориулсан барилдааны бэлт­гэл гээд завгүй байдаг байлаа. Одоо бол үр хүүхдээ тойруулан суугаад шинэлдэг. Шавь нараас минь эхлээд зочид ихтэй, нэг үгээр сэтгэлийн баяр гэж боддог. 

-Энэ жилийн сар ши­нийн баярт түрүүлэх ма­гад­лалтай бөх­­чүүдийг нэр­лэхгүй юу?

-Одоо ч таахад бэрх болж. Гэхдээ хэний бэлтгэл сур­гуулилт сайн байна тэр аавын хүү л түрүүлнэ дээ. 

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа?

“Өглөөний сонин”-ы хамт олон болон уншигч­дадаа ирж буй модон морин жи­лийн мэнд дэв­шүүлж бай­на. Бүгдэд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Зураг