Японы ерөнхий сайд шинээр босгосон ялалтын хөшөөгөө буулгахыг Оросын талаас шаарджээ

Т.Давааням, ikon.mn
40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Японы ерөнхий сайд Санае Такаичи өмнөх өдөр нь Хабаровск хотод нээгдсэн ялалтын хөшөөгөө буулгахыг Оросын талаас шаарджээ.

Алс Дорнодын хотод босгосон уг хөшөөнд хризантем (шиваантиг) цэцгийн сүлд сийлсэн чулууг Зөвлөлтийн цэрэг эвдэж байгааг дүрсэлсэн юм байна.

16 дэлбээтэй хризантем цэцэг нь Японы төрийн бэлгэдэлд тооцогддог.

Тиймээс уг бэлгэдлийг эвдэж байгааг харуулсан хөшөөг “хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй” гэж Такаичи мэдэгджээ.

Японы гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги бас ийм хөшөө босгосонд харамсал илэрхийлээд энэ нь хоёр талын харилцаанд хор хохиролтойг анхааруулсан байна.

Хөшөөг дэлхийн хоёрдугаар дайнд Орос улс Японыг ялсны ойтой давхцуулан Пүрэв гарагт нээжээ.

Япон улс 1945 оны наймдугаар сарын 15-нд бууж өгснөө зарлаж, есдүгээр сарын эхээр бууж өгөх баримт бичигт албан ёсоор гарын үсэг зурж байв.

2023 онд Орос улс есдүгээр сарын 3-ны өдрийг “Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөлийн өдөр” гэж нэрлэдэг байснаа “Милитарист Японыг ялсан өдөр ба Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөлийн өдөр” болгон өөрчилсөн юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн сард Японтой газар нутгийн маргаантай байдаг аралд анх удаа хөл тавьсан нь бас Токиогийн эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарч байв.

Орос улс 2022 онд Украинд халдан довтолсны дараа Их Долоогийн бүлгийн авсан хориг арга хэмжээнд  Япон улс нэгдсэн нь хоёр улсын харилцааг эрс муутгаад байгаа юм.

 

Эх сурвалж: Kyodo News