"Монгол Улсад алт боловсруулах үйлдвэр барихад Германы ААН-үүд хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн"

А.Ням-Өлзий, iKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

- Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас мэдээлж байна -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулсан.

Тунхаглалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бернхард Котч нар гарын үсэг зурсан юм.

Энэхүү тунхаглалд дурдагдсан гол асуудал болон айлчлалын хүрээнд гарч буй үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Монгол, Германы хамтарсан тунхаглал нь айлчлалын бүх үр дүнг нэгтгэсэн чухал баримт бичиг юм. Мөн ирэх 10 жилд хоёр улс ямар чиглэлээр хамтарч ажиллах, аль салбаруудад хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотолж, хоёр улсын төрийн тэргүүний 2024, 2026 онд хийгдэж буй харилцан айлчлалын мөрөөр ямар ажлууд хэрэгжүүлэх талаар тунхаглалд тусгагдлаа.

Онцолбол хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. 2011 онд Уул уурхай, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байдаг. Хэлэлцээрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үр дүнг илүү идэвхжүүлэх талаар харилцан тохиролцлоо. Алт боловсруулах үйлдвэрийг хамтран Монгол Улсад барих, үүнд ХБНГУ-ын аж ахуйн нэгжүүдээс туслалцаа үзүүлж, хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлснийг тусгасан.

Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллах боломж бололцоог бий болгох, иргэд хоорондын харилцан зорчих, аялахыг дэмжихийн тулд визийн нөхцөлийг хөнгөвчлөх, албан паспортыг визгүй болгох зэрэг асуудлыг тунхаглалд тусгалаа.

Герман улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэтгэвэр тогтоомжийн асуудлыг цэгцлэхийн тулд Нийгмийн даатгалын чиглэлээр хамтарч ажиллах хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.

Хоёр улсын хооронд худалдаа арилжаа их хийгддэг тул тээврийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй байдаг. Иймд жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх нь чухал байгаа. Энэ асуудлыг хоёр улсын Ерөнхийлөгч нар ярилцаж, шат шатандаа харилцан ойлголцсоноор ойрын хугацаанд хэлэлцээ хийхээр тохиролцсон. Мөн Улаанбаатар-Берлин чиглэлийн нислэгийг сэргээх, ингэхдээ үнэ өртгийг бууруулах, давтамжийг нь нэмэгдүүлэхэд ХБНГУ-ын талаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. 

Мөн Франкфуртэд Ерөнхий консулын газрыг нээхээ Монгол Улсын Ерөнхийлөгч зарласан. Үүнийг Германы тал тун нааштай хүлээн авсан.

Энэ жил манай хоёр улс боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Боловсролын салбарт Монгол Улсын Их Сургууль(МУИС), Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль(ШУТИС), Герман-Монголын хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль(GMIT) нь Германы их, дээд сургуулиудтай хамтран ажиллах гэрээ, Санамж бичгийг байгуулж байгаагаар боловсролын салбарт маш үр өгөөжтэй айлчлал болж байна" гэв.