Аппликэйшний зээлийн сарын хүүгийн дээд хэмжээг 4.5 хувиас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ
Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын зээлийн хүү болон зээлийн үйлчилгээтэй холбоотой нэмэлт шимтгэл, хураамжийг зохицуулах чиглэлээр авах арга хэмжээг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргасан талаар мэдээллээ.
Тодруулбал иргэд, аж ахуйн нэгж ББСБ-аас барьцаатай буюу уламжлалт зээл авахад зээлийн сарын дундаж хүү 2.9 хувь байгаа бол технологид суурилсан, аппликэйшнээр дамжуулан зээл олгодог байгууллагууд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17.1-т заасан зөвлөлөөс тогтоосон сарын 4.5 хувийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүүтэй зээлийг иргэдэд олгосон нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтаар илэрсэн.
Үүнтэй холбогдуулан иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн нөхцөлийг ил тод хариуцлагатай болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 2026 оны аравдугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдрөөс ББСБ-уудын сарын зээлийн хүүг дээрх зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүний дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Мөн иргэд нэгэн зэрэг олон зээлтэй болох, зээлийн давхардал үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор ББСБ-ууд зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай бүрд холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор бүрэн, шуурхай нийлүүлж байхаар болов. Зээлийн хүүгийн тогтоосон дээд хэмжээг зөрчсөн ББСБ-д иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар тус хуралдаанаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үндсэн төлбөр, хүүгээс гадна иргэдэд нэмэлт санхүүгийн дарамт үүсгэж байгаа зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамжийг зохицуулах зорилгоор холбогдох хууль тогтоомж, журамд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь иргэдийн зээлийн дарамтыг бууруулах, зээлийн үйлчилгээний зардлыг багасгах, зээл авах нөхцөлийг илүү ойлгомжтой, ил тод болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байгаа юм.
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
