Их Британи, Францын төрийн тэргүүнүүд хоёр улсын түүхтэй холбоотой ховор дурсгалыг хамтдаа үзэж сонирхов
Их Британийн хаан III Чарльз, хатан хаан Камилла нар өчигдөр Лондон дахь Британийн музейд анх удаа дэлгэгдсэн дэлхий дахинд алдартай түүхэн дурсгалыг үзэж сонирхоход Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, тэргүүн хатагтай Брижит нар дагалджээ.
Францын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар хоёр улсын харилцааг бэхжүүлэх зорилгоор Их Британид хоёр өдрийн хугацаатай айлчлах үеэр энэ арга хэмжээ зохион байгуулагдсан юм.
11 дүгээр зуунд бүтээгдсэн хатгамлыг өнгөрсөн долдугаар сард Францаас Британид зээлээр өгснийг Лондон хотын музейд нийтэд үзүүлэхээр байршуулжээ. Түүхийн ховор дурсгал 900 гаруй жилийн дараа эх орондоо буцаж ирсэн нь энэ юм.
Энэ удаа хоёр улсын төрийн тэргүүнүүдэд тусгайлан үзүүлсэн бөгөөд ирэх долоо хоногт нийтэд үзүүлж эхэлнэ.
70 метр урт “Bayeux Tapestry” гэгддэг уг бүтээл бол цайруулсан маалинган дэвсгэр дээр будсан ноосон утсаар урласан хатгамал юм.
960 жилийн өмнө бүтээсэн энэ хатгамалд 1066 онд Английн Англо-Саксон гаралтай сүүлчийн хаан Харольд Годвинсоны титмийг Нормандын хаан Уилльям булааж авсан Хастингсийн Тулааны үйл явдлыг дэлгэрэнгүй дүрсэлсэн байдаг.
Энэ бол Английн түүхэнд эргэлт авчирсан томоохон үйл явдал юм.
“Bayeux Tapestry нь манай улсын бүх хүмүүст танил, эдгээр арлуудын хувь заяаг бүрмөсөн өөрчилсөн түүхийг өгүүлдэг. Английн сувгийн хоёр талд оршдог, ижил үнэт зүйлстэй, хамтдаа цэцэглэн хөгжсөн аугаа үндэстнүүд өнөөдөр энд болж буй үйл явдлыг сэтгэл хангалуун харж байгаа гэж би бодож байна” гэж музейд болсон арга хэмжээний үеэр Чарльз хаан хэлжээ.
Хоёр улс уг бүтээлийг нэг нэгэндээ зээлэх асуудлаар олон жил хэлэлцсэн бөгөөд дараа нь Францын Норманди дахь үндсэн байрлалаас нь Их Британид аюулгүй тээвэрлэн хүргэх нарийн төлөвлөгөө боловсруулж байв.
Британийн музей хатгамлыг үзүүлэх эхний шатны тасалбараа энэ оны эхээр зарж эхэлсэн нь тэр дороо дуусаж, 24 цагийн дотор 2.4 сая фунт стерлингийн тасалбар борлуулсан түүхэн дээд амжилт тогтоож байжээ.
Төрийн тэргүүнүүдийн үзвэрт саяхан Их Британийн ерөнхий сайдаар томилогдсон Энди Бернхэм гэргийн хамт оролцсон байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
