Д.Уламбаяр: Энэ удаагийн уулзалтаар ШХАБ-ын Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол батлагдлаа

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага(ШХАБ)-ын дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Киргиз Улс(БНКУ)-ын Бишкек хотод болж өнгөрлөө. Энэхүү хурлаар яригдсан асуудал, гарсан үр дүнгийн талаар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн профессор Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.

- ШХАБ-ын 26 дахь удаагийн дээд түвшний уулзалт БНКУ-ын нийслэл Бишкек хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтын онцлогийн талаар та тайлбарлана уу?

- ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын Зөвлөлийн дээд түвшний уулзалт нь “ШХАБ-ын 25 жил: Тогтвортой энх тайван, хөгжил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” гэсэн уриан дор 2026 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн дээд түвшний уулзалт нь ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд болж буй тул онцгой ач холбогдолтойд тооцогдсон. Мөн БНКУ тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 35 жилийн ой, “Дэлхийн нүүдэлчдийн VI Их наадмын өдрүүдтэй давхацсан.

ШХАБ бол Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-д бүртгэлтэй бүс нутгийн Засгийн газар хоорондын олон улсын олон байгууллагын нэг.

Тодруулбал 1996 оны дөрөвдүгээр сард Шанхай хотноо “Шанхайн тав” хэмээх бүс нутгийн хамтын ажиллагааны бүтэц үндэс сууриа тавьж, 2001 оны зургаадугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдсон дээд түвшний уулзалтаар ШХАБ-ыг үүсгэн байгуулах тухай Тунхаглал болон Шанхайн конвенцод гарын үсэг зурсан түүхтэй. 2002 оны зургаадугаар сард Санкт-Петербургт болсон ШХАБ-ын дээд уулзалтаар байгууллагын Хартийг баталсан. 2007 оны наймдугаар сард Бишкект болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтаар гишүүн орнуудын төрийн тэргүүн нар “...Гишүүн орнуудын Сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны урт хугацааны гэрээ”-нд гарын үсэг зурж байв.

2005 оны намар ШХАБ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд ажиглагчийн статустай болж, 2010 оны дөрөвдүгээр сард Ташкент хотноо “НҮБ, ШХАБ-ын хооронд Хамтын ажиллагааны тухай хамтарсан Тунхаглал” гаргасан.

Бишкект саяхан болсон уулзалтад ШХАБ-ын үндсэн 10 гишүүн орон (БНХАУ, ОХУ, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан) болон ажиглагч болон Яриа хэлэлцээний түнш болох Турк, Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Камбож, Катар, Кувейт, Лаос, Мальдив, Мьянмар, Балба, АНЭУ, Саудын Араб, Шри-Ланка зэрэг 15 улс, зочин статустай байнга төвийг сахисан Туркменистан, түүнчлэн НҮБ, АСЕАН ТУХН, ЕАЭЗХ, ХАБГБ, Азид хамтран ажиллах, итгэлцлийн бэхжүүлэх бага хурал зэрэг бүс нутгийн байгууллагууд байгууллага орнуудын төр, засгийн тэргүүнүүд оролцлоо.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин наймдугаар сарын 30-наас БНКУ-д төрийн айлчлал хийж буй бөгөөд дээд түвшний уулзалтад биечлэн оролцсон. Айлчлалын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Киргизийн олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулж “Хятад-Киргизийн харилцааны өндөр чанартай хөгжлийн шинэ ирээдүйг хамтдаа нээе” сэдэвт нийтлэл гаргасан. Хятадын Гадаад хэргийн яамнаас хоёр орны харилцаа эрчимтэй хөгжлийнхөө “алтан үе”-д шилжсэнийг онцлоод, энэхүү айлчлал нь Төв Азийн бүс нутгийн тогтвортой байдал, эдийн засгийн коридорын хөгжилд маш чухал түлхэц болно гэдгийг мэдэгдсэн.

- Энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааны эрхзүйн ямар баримт бичгүүд батлагдсан бэ?

- Байгууллагын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр ШХАБ-ын 26 дахь удаагийн дээд түвшний уулзалтаар ШХАБ-ын 25 жилийн ойн Бишкекийн Тунхаглал, бусад 27 стратегийн чухал баримт бичгүүдийг батлан гаргасан байна. Бишкекийн Тунхаглал нь энэ удаагийн уулзалтын хамгийн гол суурь баримт бичиг бөгөөд олон туйлт дэлхийн дэг журам, бүс нутгийн тогтвортой байдлын талаарх гишүүн орнуудын нэгдсэн байр суурийг илэрхийлсэн гэж үзэж болно.

Түүнчлэн ШХАБ-ын Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол 2002 оны байгууллагын суурь дүрэмд өөрчлөлт оруулж, бүтцийн шинэчлэл хийхээр тогтлоо.

ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүй байдалд тулгарч буй сорилт, аюул заналхийлэлтэй тэмцэх Бүх нийтийн төвийн Дүрэм, ШХАБ-ын Хар тамхитай тэмцэх төвийн Гүйцэтгэх хорооны Дүрэм, Олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах 2026–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөө нь Кибер халдлага, мэдээллийн дайнтай хамтран тэмцэх хөтөлбөр гэж хэлж болох юм.

Цөмийн аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээрх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай Төрийн тэргүүн нарын Зөвлөлийн Тунхаглал буюу Цөмийн аюулгүй байдлыг хангах тухай гишүүн орнуудын Хамтарсан Мэдэгдэл, ШХАБ-ын гишүүн орнуудын Боомтууд болон логистикийн төвүүдийг хөгжүүлэх 2026–2030 оны үйл ажиллагааны төлөвлөгөө нь Евразийн бүс нутаг дахь зам тээвэр, боомтын холболтыг сайжруулах дунд хугацааны хөтөлбөр юм. Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цахимжуулалт, мэдээлэл, холбооны технологийн салбарт хамтран ажиллах үзэл баримтлал, Дижитал эдийн засаг, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичиг.

Пакистаны Лахор (Lahore) хотыг 2026–2027 оны ШХАБ-ын Аялал жуулчлал, соёлын нийслэлээр тунхаглах тухай баримт бичиг: Бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих шийдвэр, Хэвлэл мэдээлэл, биеийн тамир, спорт, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хэд хэдэн тусгайлсан хэлэлцээрүүд багтсан байна.

Өөр чухал баримт бичгүүдэд “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах тухай Санамж бичиг” нь гишүүн орнууд дэлхийн дулааралтай хамтран тэмцэх, хүлэмжийн хийг бууруулах чиглэлд нэгдсэн бодлогоор ажиллах суурь баримт бичиг болж байна. Мөн “ШХАБ-ын "Ногоон технологийн коридор-2026-2030" хөтөлбөр нь Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн хэмжээнд байгальд ээлтэй, ногоон технологиудыг харилцан нэвтрүүлэх, эко-инновацыг дэмжих 5 жилийн тусгай хөтөлбөр юм байна. Биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой удирдах хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө (2026–2031) нь бүс нутгийн экосистемийг хамгаалах, ургамал амьтны аймгийг хамгаалахад чиглэсэн 6 жилийн төлөвлөгөө юм байна. Мөн Киргиз улсын санаачилсан "ШХАБ-ын Ногоон бүс" санаачилгын хүрээнд байгалийн экосистемийг хамгаалах уриалга Бишкекийн Тунхаглалд туссан байна.

Эдгээр баталсан баримт бичиг нь ШХАБ зөвхөн улс төрийн бус, амьдрал дээр эдийн засаг, кибер аюулгүй байдал, тээвэр логистик, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн чиглэлээр эрхзүйн үндсийг тавьж, тодорхой бүтэц, төвүүдийг байгуулан институцийн хувьд улам боловсронгуй болж буйг харуулж байгаа.

- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ыг зохион байгуулж буй Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзсан. Ямар асуудлуудаар тохиролцсон бол?

- Тиймээ. ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авагч орон болох БНКУ-ын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, хоёр талын харилцааг эдийн засгийн бодит контентоор баяжуулах чухал тохиролцоонуудыг хийсэн тухай Киргизийн The Times of the Central Asia мэдээлсэн. Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсыг ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа зуун зууны түүхтэй нүүдэлчин соёл, оюун санааны үнэт зүйлс дээр тулгуурлан өнгөрсөн онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Иж бүрэн түншлэл”-ийн Тунхаглалын хүрээнд амжилттай хөгжиж байгааг тэмдэглэсэн байна.

Хоёр улсын улс төрийн өндөр итгэлцлийг эдийн засаг, бизнесийн бодит хамтын ажиллагаа болгох шаардлагатайг талууд онцолж, үүний хүрээнд Евразийн бүс нутаг дахь хоёр талын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 100 сая ам.долларт хүргэхээр тохиролцсон байна.

Тээвэр, логистик болон шууд нислэгийн хүрээнд тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх, аж үйлдвэр, хайгуул, уул уурхайн салбарт хамтрах, мөн хоёр улсын иргэд, бизнес эрхлэгчдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх үүднээс шууд нислэгийн тоог нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарахаар ярилцав.

Энэ удаагийн уулзалт Киргиз Улсад зохион байгуулагдаж буй Дэлхийн нүүдэлчдийн VI Их наадмын (World Nomad Games) нээлтийн үйл ажиллагаатай давхцаж байгаагаараа онцлог юм. БНКУ-ын зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож буйд гүн талархал илэрхийлж, тус наадмын албан ёсны бэлгэдэл болох Ирвэсийн чихмэл тоглоомыг бэлэглэж угтжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз Улс ШХАБ-ыг амжилттай даргалж, 25 жилийн ойн дээд хэмжээний уулзалтыг өндөр түвшинд зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт биечлэн баяр хүргэсэн байна. Түүнчлэн талууд цаашид НҮБ болон олон улсын бусад тавцанд байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн зохицуулахаар тогтжээ..

- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр хөршийн төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийсэн байна. Энэ талаар тодруулна уу?

- ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр буюу наймдугаар сарын 31-ний үдээс хойш Бишкек хотноо болсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хоёр талт уулзалт маш өндөр үр дүнтэй болсон тухай Хятадын CGTN суваг мэдээлсэн байна. Энэхүү уулзалтаар талууд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийг бататгаж, Монгол Улсын эдийн засаг, суурь бүтцэд шууд нөлөөлөх долоон чухал асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон гэж тэмдэглэсэн байна.

Үүнд: Нэгд, Талууд ирэх 5 жилийн хугацаанд хоёр улсын худалдааны эргэлтийг 30 тэрбум ам.долларт хүргэх шинэ зорилт дэвшүүлэв. Хоёрт, БНХАУ-ын зүгээс Монгол Улсад түлш, шатахууныг тогтвортой нийлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн олборлоход хамтран ажиллахаар тохиролцсон байна. Гуравт, Уламжлалт уул уурхайгаас гадна ногоон эрдэс баялаг, цахим оюун, дижитал эдийн засаг, Дөрөвт, Монголын газар нутгаар дамжих Байгалийн хийн хоолойн төслийн чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцсан байна. Тавд, Суурь бүтэц, хил дамнасан төмөр замуудын холболтын тухайд олон жил хүлээгдсэн Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 2027 онд багтаан дуусгахаар харилцан тохиролцсон байна. Бусад боомтууд болох Шивээхүрэн–Сэхээ, Ханги–Мандал Бичигт–Зүүнхатавч, чиглэлийн төмөр замын төслүүдийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлэхээ дахин бататгалаа. Зургаад, Баруун бүсийн эрчим хүчний бие даасан байдалд гол нөлөө үзүүлэх Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хугацаанд нь ашиглалтад оруулахад Хятадын тал бүрэн дэмжлэг үзүүлнэ гэжээ. Эцэст нь долоод нь Соёл, спортын бүтээн байгуулалтын салбарт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах хоёр улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Спортын цогцолборын барилгын ажлыг албан ёсоор эхлүүлсэн байна. Мөн энэ хүрээнд Үндэсний урлагийн их театрыг барьж байгуулахаар тогтсон.

Хятадын удирдагч Ши Жиньпин уулзалтын үеэр "Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран Хятад улс нь Монгол Улсын хувьд найдвартай, түшигтэй түнш хэвээр байх болно" гэдгийг онцолж, хоёр улс шинэчлэл, хөгжлийн замдаа гар гараа барилцан хамтдаа урагшлах бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай ярилцсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй мөн уулзсан. ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын мэдээлснээр, хоёр улсын ерөнхийлөгч нар есдүгээр сарын 1-ний өдөр Бишкект албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар хэлэлцээ өрнүүлсэн байна. Энэхүү уулзалтаар уламжлалт түншлэлийн харилцаа, эрчим хүчний салбарын төслүүд болон Монголын газар нутгаар дамжих байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтыг урагшлуулах тал дээр санал солилцсон байна.

Түүнчлэн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцолсон. “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцож, “УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчлэх, Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар болсон байна.

- ШХАБ-ын Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах болсон талаар та түрүүн дурдсан. Энэ талаар тодруулна уу. Өнгөрсөн оны Тяньжины уулзалтаар “Ажиглагч”, “Яриа хэлэлцээний түнш” гэсэн статусыг нэгтгэж, “Түнш” гэсэн статустай болгох улс төрийн шийдвэр гарсан байдаг шүү дээ?

- Тиймээ, Бишкекийн дээд түвшний уулзалтаар баталсан “2002 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн ШХАБ-ын Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол” нь тус байгууллагыг үүсгэн байгуулагдсанаас хойших хамгийн том бүтцийн болон институцийн шинэчлэл гэж үзэж байгаа юм байна.

Гишүүдийн тоо нэмэгдсэн учир Анх зургуулаа байгуулж байсан ШХАБ-ын Дүрмийг өнөөдрийн 10 гишүүн орон (Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь гишүүнээр нэмэгдсэн)-ы бүтэц, шийдвэр гаргах түвшинд нийцүүлэн шинэчилсэн байна.

Өмнө нь ШХАБ зөвхөн Бээжин төвтэй Нарийн бичгийн дарга нарын газар, Ташкент төвтэй Терроризмтой тэмцэх төв гэсэн хоёрхон үндсэн нэгжтэй байсан. Тэгвэл энэ Протоколоор “Аюулгүй байдлын сорилт, аюул заналхийлэлтэй тэмцэх Бүх нийтийн төв” болон “Хар тамхитай тэмцэх төв”-ийг албан ёсны байнгын бүтэц болгон дүрмэндээ тусгаж өгсөн гэж мэдээлж байна.

Өнгөрсөн оны Тяньжины дээд түвшний уулзалтаар ажиглагч болон яриа хэлэлцээний түнш статусуудыг нэгтгэн “ШХАБ-ын түнш” болгох улс төрийн шийдвэр гарсан нь Монгол Улсын 20 гаруй жил хадгалсан " ажиглагч" гэсэн статуст сорилт гэж хэлж болох юм

2025 оны Тяньжины Тунхаглалаар ажиглагч ба түнш статусуудыг нэгтгэх шийдвэр гарсан ч ШХАБ-ын Дүрэмд (Charter) нэмэлт өөрчлөлт оруулах Протоколыг гишүүн орнууд дотооддоо соёрхон батлах (ratification) процесс хугацаа шаардаж байна.

Тяньжины уулзалтаар Лаос улс нь ШХАБ-д шууд шинэ нэгдсэн статусаар ороогүй. Түүнд анх “Яриа хэлэлцээний түнш” (Dialogue Partner) статус олгох улс төрийн шийдвэрийг Тяньжины уулзалтаар баталсан байсан. Үүний дагуу 2026 оны долдугаар сард ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Лаосын Гадаад хэргийн сайд нар "Яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай Санамж бичиг"-т албан ёсоор гарын үсэг зуржээ. Өөрөөр хэлбэл Дүрмийн шинэчлэл хүлээгдэж буй шилжилтийн үед Лаос нь одоогийн хүчин төгөлдөр дүрмийн дагуу 15 дахь “Яриа хэлэлцээний түнш” болж бүртгэгдсэн байх бөгөөд Бишкекийн уулзалтаар дүрэм бүрэн шинэчлэгдсэний дараа автоматаар бусад орны адил “ШХАБ-ын түнш” ангилалд шилжих юм.

- Өнгөрсөн оны Тяньжины уулзалтаар ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах шийдвэр гарч байсан санагдаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар ахиц дэвшил гарсан бэ?

- ШХАБ-ыг эдийн засгийн томоохон мега хөтөлбөрүүд хэрэгжүүлээгүй гэсэн шүүмжлэл байнга дагуулж ирсэн. ШХАБ-ын Хөгжлийн банк одоогоор албан ёсоор бүрэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Харин өнгөрсөн оны Тяньжины дээд уулзалтаар тус банкийг байгуулах улс төрийн эцсийн зөвшилцөлд гишүүн орнууд хүрсэн бөгөөд 2026 оны турш санхүүгийн журам, дүрмийн бэлтгэл ажлыг хангах цуврал уулзалтууд идэвхтэй өрнөж байгаа юм.

Одоо Киргиз улс даргалж буй Бишкекийн уулзалтаар тус банкны нээлтийг албан ёсоор түргэтгэхээр төлөвлөжээ. БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Тяньжины уулзалтын индэр дээрээс ШХАБ-ын хүрээнд дараах хоёр томоохон санхүүжилтийг зарласан. Эхнийх нь ирэх гурван жилийн хугацаанд ШХАБ-ын Банк хоорондын консорциумын гишүүн банкуудад зориулсан 10 тэрбум юанийн (1.4 тэрбум ам.доллар) зээлийн шугам хэлбэрээр олгохоор амласан. Хоёр дахь нь ШХАБ-ын гишүүн орнуудад шууд тусламж, дэмжлэг болгон олгох 2 тэрбум юанийн (281 сая ам.доллар) буцалтгүй тусламж (grants) юм.

Тус банкийг байгуулах санаачилга бараг 10 гаруй жил яригдсан ч гацаж байсан бөгөөд одоо дараах хоёр шалтгаанаар эрчимжиж байна.

Орос болон Хятадын зүгээс уг банкийг Барууны санхүүгийн хориг арга хэмжээнээс ангид, ам.доллар ашиглахгүйгээр үндэсний валютуудаар (юань, рубль зэрэг) тооцоо хийдэг, бие даасан дэд бүтэцтэй байлгахаар шахаж байна.

Энэтхэг улс тус банкийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгын санхүүжилтийн зэвсэг болохоос болгоомжилж байгаа бол Төв Азийн орнууд (Казахстан, Киргиз) суурь бүтэц, логистикийн төслүүддээ яаралтай хөрөнгө оруулалт авах сонирхолтой байна.

ШХАБ нь цэвэр төсөл хэрэгжүүлэгч худалдаа-эдийн засгийн байгууллага биш боловч түүний гишүүн орнуудын дунд дараах мега төслүүд стратегийн түвшинд яригдаж, ШХАБ-ын Хөгжлийн банкнаас санхүүжилт авахаар хүлээгдэж байна. Тухайлбал, Хятад-Киргиз-Узбекистан төмөр замын төсөл юм. Төв Азиар дамжин Европыг чиглэх худалдааны замыг богиносгох стратегийн өндөр ач холбогдолтой, олон тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төмөр замын барилгын ажил бодит ажил хэрэг болон үргэлжилж байна.

“Транзит Монгол” ба Эдийн засгийн коридор хөтөлбөр байна. Монгол, Орос, Хятад гурван улсыг холбосон авто зам, төмөр замын шинэчлэл болон байгалийн хийн хоолой барих мега төсөл ШХАБ-ын уулзалтуудын үеэр гурван талт уулзалтаар байнга хэлэлцэгддэг гол сэдэв юм.

Эрчим хүч ба Ногоон шилжилтийн төслүүдийн тухайд Тяньжины шийдвэрийн дагуу “ШХАБ-ын Олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны платформ”-ыг байгуулсан. Үүний хүрээнд Төв Азид усан цахилгаан станцууд барих болон Киргизийн Бишкек хотод Хятадын хөрөнгө оруулалтаар баригдсан бүс нутгийн анхны Хог хаягдлаас эрчим хүч гаргах мега үйлдвэрийн (Waste-to-Energy Plant) хоёрдугаар шатны ажил 2026 оны зургаадугаар сард эхлээд байгаа юм байна.

“Бэйдоу” (BeiDou) хиймэл дагуулын сүлжээ нь Хятад улс АНУ-ын GPS системээс хамааралгүй болох зорилгоор өөрийн “Бэйдоу” навигацийн системийг ШХАБ-ын гишүүн орнуудын зам тээвэр, логистик, газар тариалангийн мега төслүүдэд үнэ төлбөргүй нээлттэй ашиглах эрхийг олгоод байна. Өөрөөр хэлбэл, Хятад улсын амласан 1.4 тэрбум ам.долларын зээлийн шугам байгаа бөгөөд Бишкекийн уулзалтаар шинэ Хөгжлийн банкны дүрмийг эцэслэн баталж чадсангүй. Киргиз Улс тус банкийг Бишкект байгуулах санал дэвшүүлсэн байна лээ.

- ШХАБ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд “ШХАБ+” хэмээх өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээ хэзээнээс зохион байгуулагдаж байгаа вэ?

- Өнгөрсөн оны Тяньжины уулзалтаар “ШХАБ+" гэсэн формат буй болсон гэж хэлж болно. Энэ нь ШХАБ-ын үндсэн гишүүд дээр “нэмэх нь” “ажиглагч” болон “яриа хэлэлцээний түнш”, түүнчлэн “зочин” улс (байнга төвийг сахисан Туркменистан), НҮБ, бусад олон улсын байгууллагуудыг бүхэлд нь хамруулж буй томьёолол гэж ойлгож болно. Монгол Улс энэ удаагийн уулзалтад “ажиглагч” улсын статустай оролцсон. Хэдийгээр ШХАБ-ын зүгээс ажиглагч орнуудыг, ялангуяа ажиглагч Беларусь гишүүн болсны дараа Монгол Улсыг тус байгууллагад гишүүнээр элсүүлэх сонирхол хэвээр байгаа ч Монгол Улс “ажиглагч”-ийн статусаа хадгалах уян хатан гадаад бодлогын шугамаа үргэлжлүүлсэн гэж хэлж болно. 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр Бээжин хотноо В.Путин, Ши Жиньпин нарын гарын үсэг зурсан “Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг улам бүр хүчирхэгжүүлэх, Сайн хөршийн, найрсаг, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Хамтарсан Мэдэгдэл”-д тэмдэглэхдээ: “Талууд Монгол Улсын оролцоотой гурван талт механизмын зохицуулалттай хамтын ажиллагаа болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэтийн төлөвийг өндрөөр үнэлж байгаа бөгөөд тус коридорын хүрээнд хамтран байгуулах гол төслүүдийн хэрэгжилт, хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулах болно. Талууд Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг бүс нутгийн интеграцын үйл явцад нэгдэхэд нь туслалцаа үзүүлэхээр тохиролцов” гэсэн нь анхаарал татаж байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ+” өргөтгөсөн хуралдаанд ажиглагч улсын хувиар оролцож үг хэлсэн. Тэрбээр Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж, дараах төслүүдийг онцолсон тухай мэдээлсэн. Тухайлбал, Орос–Монгол–Хятадын Эдийн засгийн коридорын хөтөлбөрийг 2031 он хүртэл сунгасантай холбогдуулан ажлыг цаашид эрчимжүүлэх, Суурь бүтэц, мега төслүүд болох Алтанбулаг–Замын-Үүд чиглэлийн хурдны зам болон босоо тэнхлэгийн тээвэр, логистикийн зангилаа болохуйц Монгол Улсыг Ази-Европыг холбосон тээврийн гол зангилаа хаб болгох стратегийн зорилтоо дахин бататгаж, уур амьсгалын өөрчлөлт, дижитал шилжилтийн чиглэлийг онцлон хөндсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын өргөтгөсөн хуралдааны индэр дээрээс хэлсэн үгэндээ тээвэр логистик, санхүү эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт болон дижитал шилжилтийн чиглэлийг онцлон хөндсөн.

Өөр нэг чухал хүчин зүйл нь Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай бүх салбарт хоёр талт хамтын ажиллагаагаар дамжуулан харилцаагаа хөгжүүлсээр байгааг онцлон тэмдэглэх ёстой болов уу.

- Тус уулзалтад Монгол Улсын оролцооны талаар өөр онцлох зүйл байгаа болов уу?

- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчитэй хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн нөхцөл байдлын талаар санал солилцох зорилгоор ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр уулзсан тухай Исламын БНИУ-ын Irna ньюс агентлаг мэдээлсэн байна лээ.

Монгол, Ираны хооронд сүүлийн жилүүдэд худалдааны эргэлт, ялангуяа хөдөө аж ахуй (мах, махан бүтээгдэхүүний экспорт), хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгаа. Энэхүү эрч хүчийг хадгалах, бизнес эрхлэгчдийг дэмжих асуудлаар санал солилцжээ. Саяхан Ираны Хөдөө аж ахуйн сайд Gholamreza Nouri Улаанбаатар хотноо зохиогдсон Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын СОР17 бага хуралд оролцжээ. Үүний үргэлжлэл болгож хоёр улсын Гадаад хэргийн сайд нар уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, байгалийн гамшгийн сөрөг нөлөөг бууруулахад туршлага солилцох талаар ярилцлаа.

Ойрх Дорнодод үүсээд буй сүүлийн үеийн хурцадмал нөхцөл байдал болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар талууд харилцан мэдээлэл дуулгаж, байр сууриа илэрхийлсэн байна.

Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд бүс нутгийн чухал тоглогч болох Иран улстай түүхэн болон соёлын хэлхээ холбоонд тулгуурлан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж буй нь энэхүү уулзалтын гол шалтгаан болов уу.

Өөр нэг онцлох зүйл бол Бишкекийн уулзалтад де факто ажиглагч Афганистаны тал ямар нэгэн түвшний төлөөлөгчөө оролцуулаагүй юм байна гэж ойлгосон. Үүний учир шалтгаан нь Афганистан улс 2012 оноос хойш ШХАБ-ын албан ёсны “Ажиглагч” статустай явж ирсэн боловч, 2021 оны намраас тус улсыг Талибаны дэглэм засаглах болсон, түүнийг нь ОХУ-аас бусад ШХАБ-ын гишүүн орнууд албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Тиймээс зохион байгуулагч орны зүгээс Талибаны засаг захиргаанд энэ удаагийн дээд түвшний уулзалтын урилгыг илгээгээгүй болов уу.

Афганистан өөрөө хуралд төлөөлөгчгүй байсан ч уулзалтын үеэр ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид тус улсын асуудлыг хэлэлцэж, хурлаас гаргасан эцсийн баримт бичигт Афганистаныг терроризм, хар тамхины арилжаанаас ангид, бүх үндэстэн ястны эрх ашгийг хангасан, тогтвортой, бие даасан улс болохыг ШХАБ-ын зүгээс дэмжиж байгаагаа онцолсон байна лээ.

- Эцэст нь “Дэлхийн Нүүдэлчдийн Их наадам”-ын талаар товч танилцуулна уу.

- Дэлхийн Нүүдэлчдийн Их наадмыг анх Киргиз улс анх санаачлан 2014 онд эхлүүлж, 2 жил тутамд буюу 2014, 2014, 2016 онуудад Чолпон-Ата хотноо зохион байгуулагдаж, . 2020 онд ковид цар тахлаас болж зохиогдоогүй, 2022 онд Туркт, 2024 онд Казахстанд, чингээд 8 жилийн дараа Киргизид дахин эгэн ирсэн бөгөөд өдгөө ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн “Төв Азийн нүүдэлчдийн Олимп” юм байна.

ШХАБ-ын дээд түвшний уулзалт эхэлсэн өдөр буюу наймдугаар сарын 31-нд Киргиз улсын Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байгаагаараа онцлог байсан бөгөөд Дэлхийн Нүүдэлчдийн VI Их наадмын нээлтийн ёслол шинээр ашиглалтад орж буй 51 мянган хүний суудалтай “Бишкек Арена" цэнгэлдэхэд болж, ШХАБ-ын төлөөлөгчид урилгаар оролцож, Улаанбаатарт Сүлд ТВ, МҮОНТВ шууд дамжуулсан. Уралдаан тэмцээн алдарт Тэнгэр уулын хормойд байрлах Иссык-Куль нуурын эрэгт орших Чолпон-Ата хот болон Кырчын хавцалд зохион байгуулагдах юм байна лээ.

Энэ удаагийн наадамд үндэсний болон уламжлалт спортын нийт 43 төрлөөр тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорино гэж мэдээлж байна. Үүнд морин дээрх сур харваа, үндэсний бөх, шонхрын ан, алдарт “Көк-бөрү буюу морин дээрээс ямааны тулам булаалдах тэмцээн, мас-рестлинг буюу модон саваа булаалдах болон оюун ухааны уламжлалт олон төрлийн тоглоомууд багтаж байна.

Их наадамд 112 оронд урилга илгээснээс дэлхийн 90 орчим орны 3,000 гаруй тамирчид, албан ёсны төлөөлөгчид оролцохоор хүрэлцэн ирсэн гэж мэдээлж байсан. Монгол Улс 28 төрөлд 135 тамирчин, соёлын зүтгэлтнүүдийн өргөн бүрэлдэхүүнтэй баг нээлтэд оролцож, Монгол Улсын төрийн далбааг мандуулан алхсан. Монголчууд морьт харваа, үндэсний бөх, сур харваа, оюун ухааны тоглоомын төрлүүдэд гол найдвар тавьж, медалийн төлөө өрсөлддөг уламжлалтай юм байна.