Тайландын амралтын хот далайд 270 гаруй хоног байсан АНУ-ын байлдааны хөлгийн далайчдыг хүлээж авах гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ираны дайны улмаас далайд 270 гаруй хоног байрласан АНУ-ын USS Abraham Lincoln нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн мянга мянган далайчид, усан цэргүүдийг Тайландын амралтын хот Паттаяа хүлээж авахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ.

“600 орчим ажилтан аюулгүй байдлыг хангах болон бусад шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй ажиллах болно” гэж орон нутгийн захирагч Нарит Нирамайвонг хэвлэлд ярьсан байна.

Цөмийн хөдөлгүүртэй USS Abraham Lincoln түүхэнд байгаагүй урт хугацаагаар Ойрх Дорнодод үүрэг гүйцэтгэснийхээ дараа эх орон руугаа буцаж яваа юм.

Уг хөлөг 2025 оны арваннэгдүгээр сард Калифорнигоос гарахдаа Өмнөд Хятадын тэнгист үүрэг гүйцэтгэх зорилготой байсан. Гэвч Ираны дайнд оролцох гэнэтийн даалгавар авч, Ойрх Дорнодыг чиглэсэн юм.

Далайд удаан байсны улмаас хөлөг дээрх нөхцөл байдал муудаж, далайчид, усан цэргүүдийн сэтгэл зүйн хямрал гүнзгийрч, амиа хорлох оролдлогууд хүртэл гарсан тухай Америкийн хэвлэлүүд өнгөрсөн сард анх мэдээлж байв.

Энэ мэдээлэл АНУ-ын олон нийтийн дунд ерөнхийлөгч Трампын өдөөсөн дайныг шүүмжлэх явдлыг улам эрчимжүүлсэн юм.

Паттаяа хотын захирагч Порамасе Нгампичесын мэдээлснээр хөлөг Лхагва гарагийн шөнө дунд дөнгөж өнгөрч байхад Лаем Чабанг боомтод зогсох гэнэ.

Дараа нь 40 орчим автобус хэдэн ээлжээр далайчдыг Паттаяад тээвэрлэн хүргэх юм байна. Тэд Паттаяад хэд хоног алжаалаа тайлсны дараа Ням гарагт аяллаа үргэлжлүүлэх ажээ.

Даваа гарагт АНУ-ын албаныхантай уулзахдаа усны мандал дээр шүхрээр гулсах, каннабис хэрэглэх зэрэг зарим зугаа цэнгээний үйлчилгээнүүдийг далайчдад хориглохоор тохиролцсоноо Порамасе мэдээлсэн байна.

Тайландад каннабисыг эмчилгээний зориулалтаар ашиглахыг 2022 оноос эхлэн зөвшөөрсөн байдаг.

Загасчдын жижиг тосгон байсан Паттаяа 1960-аад оны үед Вьетнамын дайнд оролцсон АНУ-ын цэргүүдийг буцахаас нь өмнө эмчлэх, амраах зориулалтаар ашиглагдаж эхэлснээр алдартай аялал жуулчлалын төв болох зам нээгдсэн юм.

Саяхан Паттаяад биеэ үнэлэгчдийн эсрэг кампанит ажил явагдсан нь АНУ-ын цэргүүд ирэх гэж байгаатай хамаагүйг Порамасе тайлбарлажээ.

Тэд орон нутгийн бизнес эрхлэгчдэд Америк цэргүүдээс илүү өндөр төлбөр авахгүй байхыг анхааруулсан гэнэ.

Паттаяа хотын цагдаагийн газрын дарга Анек Сратонгёо цэргүүдийг байрлах хугацаанд албан хаагчид нь өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болсныг мэдээлжээ.

Ингэхдээ тэр Тайландын хуулийг зөрчсөн АНУ-ын ямар ч цэргийн алба хаагч зохих хариуцлага хүлээхийг анхааруулсан байна.

Сар орчмын өмнө ихэвчлэн Номхон далайд үүрэг гүйцэтгэдэг USS George Washington нисэх онгоц тээвэрлэгч USS Abraham Lincoln хөлгийн халааг авахаар Ойрх Дорнод руу хөдөлж байв.

 

Эх сурвалж: Associated Press