Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэрт ДЦС барихаар болов

Д.Янжиндулам, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэрт 2х15х2 МВА буюу 60 MBA цахилгаан, 2×35 Гкал/цаг буюу 70 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар болжээ.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Си Вай Си Кэй” ХХК-тай уг станцыг барих чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгуулсан байна.

зураг
 

Станц ашиглалтад орсноор Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг найдвартай, тогтвортой хангах аж.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Си Вай Си Кэй” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани байна.

Харин Налайхын үйлдвэрлэл, технологийн парк нь 310 га талбайд барилгын материал болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн үйлдвэр, ААН-үүдийг кластер хэлбэрээр байршуулан дэд бүтцээр хангаж, үйл ажиллагаа явуулахад менежментийн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн өмчийн байгууллага юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын(COP17) үеэр Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулжээ.