Б.Дашпүрэв: Нийслэлийн 88 ШТС-д 664 тонн бүтээгдэхүүн нийлүүлээд байна

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны хангамж нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабаас ээлжит хурлаа өнөөдөр зохион байгуулав. 

Энэ үеэр шатахууны хангамж, түгээлтийн мэдээллийг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв танилцууллаа. 



Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 92 вагон цистерн буюу 5,398 тонн АИ-92 төрлийн авто бензинийг буулгаж авч, түгээсэн. Улмаар

  • Улаанбаатар хотын 88 Шатахуун Түгээх Станц (ШТС)-руу 664 тонн,
  • Орон нутгийн 77 ШТС-руу 807 тонн бүтээгдэхүүнийг нийлүүлээд байна.

Одоогийн байдлаар 42 вагон цистерн буюу 2,520 тонн бүтээгдэхүүн өртөөдөд ирсэн. Одоо буулгалтад бэлэн байна.

БНХАУ, ОХУ болон бусад эх үүсвэрээс бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлж байгаа. Есдүгээр сарын бүтээгдэхүүний захиалга баталгаажсан. Үнэ баталгаажсан учраас нийлүүлэлт хэвийн үргэлжлэх болно.

Ялангуяа нийслэлд анхаарсантай холбоотой орон нутагт олон хоног оочер дугаар үүссэн. 

Улаанбаатар хотын хэмжээнд дараалал үндсэндээ багассан. АИ-92 төрлийн бүтээгдэхүүн дээр евро-5 төрлийн бүтээгдэхүүн зарж байгаа ШТС дээр үндсэндээ дараалал байхгүй.

Энгийн буюу евро-2 төрлийн бүтээгдэхүүн зарж байгаа ШТС-уудад тодорхой хэмжээний оочер дугаар үүссэн нөхцөл байдалтай байна.

Орон нутаг руу евро-5, евро-2 төрлийн бүтээгдэхүүнийг аль алиныг нь нийлүүлж байгаа. Гэхдээ алслагдсан сумдад тээврийн хөлс нэмэгдэж очдогтой холбоотойгоор хөдөө орон нутаг руу нийлүүлэлтийг 80 хувь АИ-92 төрлийн бүтээгдэхүүн, 20 хувьд нь евро-5 төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна" хэмээн мэдээллээ.