Удаан хугацаанд завсарлаад байсан Ираны эсрэг агаарын довтолгоогоо АНУ эрчимжүүллээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар гаруй хугацаанд намжаад байсан АНУ, Ираны мөргөлдөөн сүүлийн өдрүүдэд дахин сэргээд байна.

Энэ долоо хоногийн эхээр Ормузын хоолой дахь Ларак арал дээр байрласан Ираны пуужин харвагчийг АНУ агаарын цохилтоор устгасан бол дараа нь Ираны зэвсэгт хүчин Йордан дахь агаарын баазууд болон Арабын Нэгдсэн Эмират улс дахь дроны байгууламж руу пуужин харвасан юм.

Мягмар гарагт АНУ-ын зэвсэгт хүчин Ираны нутаг дэвсгэр дэх хэд хэдэн байд агаарын цохилт өгснөөр мөргөлдөөн улам эрчимжжээ.

Ираны Улаан Хавирсан Сар нийгэмлэгийн мэдээлснээр тус улсын өмнөд бүсийн Сирик хотод хуримын ёслол болж байсан байшин АНУ-ын цохилтод өртсөний улмаас дөрвөн хүн алагдсаны нэг нь бага насны хүүхэд байжээ. Уг арга хэмжээнд оролцож байсан 50 гаруй хүн шархадсан байна.

Удалгүй Исламын Хувьсгалт Гвардын удирдлага АНУ үйлдсэн зүйлдээ “харамсах болно” гэж мэдэгдсэн бол Техраны төв хэвлэлүүд пуужин болон нисгэгчгүй онгоцны хариу цохилтууд эхэлж байгааг мэдээлжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр АНУ-ын шинэ агаарын цохилтыг зарлахдаа хэрвээ үүнд хариу арга хэмжээ авбал “илүү хүчтэй, илүү өндөр түвшний” хоёр дахь цохилт үргэлжлэхийг Ираны талд анхааруулсан юм.

Мягмар гарагийн цохилт Сирик хотоос гадна Чабахар, Конарак, Жирофт хотуудын нисэх буудлуудыг, бас Кешм арал болон Бандар Аббас боомтыг оносон байна.

Энгийн иргэд хэлмэгдсэн гэх Техраны хэвлэлийн мэдээний талаар лавлахад АНУ-ын тэнгисийн хүчний ахмад Тим Хокинс “Исламын Хувьсгалт Гвардаас ялгаатай нь бид хэзээ ч энгийн иргэдийг онилдоггүй” гэж хариулжээ.

Техраны хэвлэлүүдийн мэдээлснээр Сирик хотод өгсөн цохилтын хариуд Исламын Хувьсгалт Гвардын агаарын хүчин Йордан улсын Акаба дахь АНУ-ын тэнгисийн бааз руу баллистик пуужин харвасан гэнэ.

Хоёрдугаар сарын 28-ны өдөр Ираны эсрэг АНУ, Израилийн эхлүүлсэн дайн өнөөдөр долоо дахь сардаа үргэлжилж байгаа ч ойрын үед дуусах шинж тэмдэг ажиглагдахгүй байна.

Трампын засаг захиргаа наймдугаар сарын 24-ний өдөр Ираны дэглэмийн эсрэг эдийн засгийн томоохон хориг арга хэмжээ авах гэж байгаагаа зарласан.

Харин Ираны эрх баригчид үүнийг нь үл тоомсорлож, АНУ-ын байлдааны ажиллагаа бүтэлгүйтсэний илрэл гэж тодорхойлж байна.

 

Эх сурвалж: BBC