Украины нийслэл зургаа дахь өдрөө дараалан Оросын агаарын цохилтод өртөхөд 12 хүний амь үрэгджээ
Мягмар гарагт Украины нийслэл Киев хот орчмын бүс нутаг зургаа дахь өдрөө дараалан Оросын агаарын цохилтод өртөхөд 12 хүний амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархаджээ.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европ тивд дэгдсэн хамгийн их цус урсгасан мөргөлдөөнийг зогсоох шийдэлд одоо болтол хүрч чадахгүй байна.
Өчигдрийн цохилтын улмаас Киев хотод найман хүн алагдаж, таван хүн шархадсаны дотор гурав нь хүүхэд байсныг орон нутгийн удирдлага мэдээлжээ. Бусад хүмүүс нь нийслэлийн ойролцоо оршдог дагуул хотод алагдаж, шархадсан байна.
Тухайлбал Киевийн гадна оршдог Борисполь хотод орон сууцны барилга болон бусад байгууламжуудад дөрвөн хүн алагдаж, 13 хүн шархадсаныг тус хотын захирагч Тимур Ткаченко сошиал сувгаар мэдээлжээ.
Оросын тал сүүлийн өдрүүдэд Украины эрчим хүч, ложистикийн байгууламжуудаас гадна тус улсын хилийн бүс нутагт халдлагаа нэмэгдүүлж байгаа. Тухайлбал өчигдөр Европын Холбоо, НАТО-гийн гишүүн Румын улстай залгаа Орливка хилийн боомтын урсгал түр зогссон нь Оросын агаарын довтолгоотой холбоотой байжээ.
Мягмар гарагт бас Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилтоо үргэлжлүүлсэн байна.
Оросын баруун хойд бүсийн томоохон экспортын боомт Усть-Лугад дроны цохилтын улмаас гал гарчээ.
Москва хотоос зүүн өмнө зүгт 800 км зайд оршдог Самара мужид иргэний дэд бүтэц дроны цохилтод өртсөнийг орон нутгийн удирдлага Телеграм сувгаараа мэдээлсэн байна.
Даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын элч нар болох Стив Виткофф, Жаред Кушнер нартай энх тайван тогтоох арга замын талаар “дэлгэрэнгүй, бүтээлч” яриа өрнүүлснээ мэдээлжээ.
Өчигдөр буюу Мягмар гарагт Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний чуулганы үеэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хүн төрөлхтний сайн сайхны төлөө сунжирсан дайнаа нэн даруй зогсоохыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд уриалсан юм.
Харин Путин түүнд Москва “өөрийн замаар урагшилж байгаа” хэмээн хариулжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
