Нуурын ёроолоос олдсон гар буу 14 жилийн өмнө Франц улсад гарсан аллагын хэргийг илрүүлэх сэжүүр болж магадгүй байна
14 жилийн өмнө Их Британийн нэг гэр бүл Франц улсын нутаг дэвсгэрт буудуулж алагдсан хэрэг өнөөдрийг хүртэл илрээгүй байгаа юм.
Тэгвэл саяхан уг аллагад ашигласан байж болзошгүй гар буу хэргийн газрын ойролцоо оршдог нуурын ёроолоос олджээ.
Ирак гаралтай Британийн иргэн Саад Аль-Хилли, түүний эхнэр, хадам ээж, мөн аллагын үеэр дугуйтай өнгөрч явсан нэг иргэн 2012 оны есдүгээр сард Luger P06 загварын гар буугаар буудуулан алагдаж байв.
Наймдугаар сарын 20-ны өдөр Их Британийн жуулчид хэргийн газраас холгүй оршдог Альпийн нурууны Аннеси нуурын хоёр метрийн гүн ёроолоос гар буу олжээ.
Тэд эхлээд үүнийг тоглоомын усан буу гэж бодож байсан ч жинхэнэ зэвсэг болохыг уснаас гаргаж ирснийхээ дараа мэдсэн гэнэ.
Luger P06 загварын гар бууг Швейцарын арми 1960 оныг хүртэл ашиглаж байсан юм.
Нийтдээ 60,000 орчим ширхэг үйлдвэрлэгдсэн гэгддэг энэ гар буу одоо Аннеси нуураас 50 км зайд оршдог Швейцар улсын цэргийн алба хааж байсан ахмадуудын гар дээр дурсгал хэлбэрээр хадгалагддаг.
Шүүхийн шинжээчид одоо нуурын ёроолоос олдсон гар буу Luger P06 загварынх мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Усан дотор удаан байсан тул уг олдвор нэлээд зэвэрч муудсан байгаа гэнэ.
2012 оны есдүгээр сарын 5-ны үдээс хойш Британийн иргэдийн буудуулж алагдсан цогцос Шевалин тосгоны ойролцоох ойн зам дээр хөдөлгүүр нь асаалттай зогсож байсан автомашин дотроос олдож байжээ.
Дэргэдүүр нь өнгөрч явсан дугуйтай хүн болон бусад хохирогчид бүгд толгойдоо буудуулж алагдсан байв. Гайхалтай нь Аль-Хиллигийн дөрөв ба долоон настай хоёр охин уг аллагаас амьд үлджээ. Том охин бууны ишээр толгойдоо цохиулан хүнд гэмтсэн байсан бол бага охин ээжийнхээ хормой дор нуугдаж үлдсэн байна.
Том охины толгойг цохих үед хэргийн газарт унасан гар бууны ишний хэлтэрхий үүнийг Luger P06 болохыг баталж байжээ. Хилийн хоёр талд амьдардаг гэр бүлүүдэд ийм загварын гар буу дурсгалын эд зүйл хэлбэрээр хадгалагдаж байдаг.
Францын мөрдөгчид аллагын шалтгааныг гэр бүлийн маргаан, тохиолдлын чанартай аллага, дугуйчин гол бай байсан гэх мэт хэд хэдэн хувилбар онол дэвшүүлж шалгасан ч баталж чадаагүй юм.
Мөн Аль-Хиллигийн эхнэрийн анхны нөхөр болох Америк хүн Францад болсон аллагаас хэдхэн цагийн өмнө зүрхний шигдээсээр нас барсан нь мөрдөгчдийн анхаарлыг татаж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
