"Нийслэл хотод цахилгаан автомашин цэнэглэх 4-5 цэгийг нэмж, ашиглалтад оруулна"
Улаанбаатар хотод цахилгаан машины тоог нэмэгдүүлж, цэнэглэх цэгийг байгуулж эхлээд буй.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр өнөөдрийн байдлаар 32-ын тойрог, Уран ган, Хан-Уулын Е-март, Говийн үйлдвэр, Шинэ нисэх, Тасганы овоо, Спортын төв ордон, Цэцэрлэгт хүрээлэн, Топ моторс, Sillla center, Gallery орчимд ногоон өртөө буюу цахилгаан автомашиныг цэнэглэх цэгүүдийг байгуулжээ.
Цаашид цахилгаан автомашин цэнэглэх 4-5 цэгийг нэмж, ашиглалтад оруулахаар бэлтгэлээ хангаж эхэлснийг мэдээлэв.
Энэ долоо хоногт ашиглалтад оруулсан Тасганы овоо дахь цэнэглэх цэг нь 6,650 ам метр талбайд хэрэгжсэн бөгөөд олон улсын ногоон барилгын LEED Gold стандартын шаардлагад нийцсэн ногоон байгууламжийн шийдэлтэй байна.
Тус станц нь 410 киловаттын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 300 киловаттын инвертерийн систем, 430 киловатт-цагийн хүчин чадалтай батарей хуримтлуурын системтэй, 720 киловаттын нийт суурилагдсан хүчин чадал бүхий дөрвөн цахилгаан автомашин цэнэглэх хошуутай бөгөөд автомашины төрөл, батарейн багтаамж болон цэнэгийн түвшнээс хамааран нэг автомашиныг 15-45 минутад цэнэглэнэ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 33 хувь нь автомашины утаанаас үүсдэг байна. Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 2,700 цахилгаан автомашин бүртгэлтэй бөгөөд цаашид 50,000-д хүргэх гэнэ. Ингэснээр 66,000 тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулах аюулаас аврах нөхцөл бүрдэх аж.
Ташрамд дурдахад манай улс жилд 2.4 тэрбум ам.доллароор бензин, шатахуун импортолдог байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
