Ирэх долоо хоногт Apple компани анхны эвхдэг iPhone загвараа танилцуулах төлөвтэй байна
Технологийн аварга компани Apple жил бүрийн есдүгээр сард iPhone ухаалаг гар утасныхаа шинэ загварыг танилцуулдаг уламжлалтай.
Энэ жилийн арга хэмжээ есдүгээр сарын 9-ний Лхагва гарагт Apple Park байгууламжийн Стив Жобсын нэрэмжит театрт зохион байгуулагдах тов гарчээ.
Тус компани уг арга хэмжээнийхээ өмнөхөн iPhone-ий гэр болон нэмэлт хэрэгсэл үйлдвэрлэгчдэд шинэ загварынхаа овор хэмжээ, өнгө зэрэг зарим мэдээллийг өгдөг. Энэ мэдээллээс харвал ирэх долоо хоногт Apple компани iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max болон шинэ iPhone Ultra хувилбаруудыг танилцуулахаар харагдаж байна.
Эдгээрээс iPhone Ultra нь тус компанийн анхны эвхдэг загвар байх бололтой.
Мөн шинэ iPhone 18 загварын онцлох өнгө интоор жимсний хүрэн улаан байх юм байна.
Зарим эх сурвалжуудын мэдээлснээр энгийн iPhone 18 загварын танилцуулга энэ удаагийн арга хэмжээний хөтөлбөрт багтаагүй, хойшлогдсон гэнэ.
2026 оны шинэ iPhone танилцуулга нь Apple компанийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернусын оролцох анхны арга хэмжээ болох юм.
Тэрбээр энэ сарын нэгнээс гүйцэтгэх захирлаар томилогдож, энэ албан тушаалд 15 жил ажилласан Тим Күүкийг залгамжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
