Б.Дэлгэрсайхан: ОХУ-ын Ерөнхийлөгч төмөр замыг Улаанбаатар хотоос гаргахыг дэмжиж ажиллана гэдгээ албан ёсоор илэрхийлсэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны есдүгээр сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй уулзсан.
Энэ үеэр Улаанбаатар хотыг тойрч гарч буй төмөр зам болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн асуудлыг ярилцсан байна.
Уулзалтын үр дүнгийн талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны намар Москва хотод айлчлахдаа төмөр замыг хотоос гаргах нь зүйтэй гэсэн сэдвийг хөндөж байсан. Энэ түүхийг эргэж дурсаж ярилаа.
Үүнээс хойш 6-7 жил өнгөрлөө. Улаанбаатар хотын дундуур явж буй төмөр замыг хотоос гадуур гаргах ажлыг Монголын төмөр зам хийж дуусгасан. ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсын Ерөнхийлөгчид хандаж тээврийн асуудлыг хотоос гадуур хийх нь чухал гэдгийг илэрхийлсэн. ОХУ-ын тал дэмжиж ажиллана гэдгээ албан ёсоор илэрхийлсэн" гэв.
Одоогоор Монголын төмөр зам компани өнгөрсөн онд эхлүүлж байсан Багахангай-Хөшгийн хөндий, Эмээлт, Шувуун фабрик чиглэлийн 127 км төмөр замыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 97 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм.
Зам тээврийн яамны зүгээс "Тус замыг Улаанбаатар төмөр зам буюу Монгол, Оросын хамтарсан төмөр замд үнэ төлбөргүй шилжүүлнэ. Үүний оронд Улаанбаатар хот дундуур явж буй төмөр замыг Монгол Улс өөртөө шилжүүлж аваад хуулна. Улаанбаатар хотыг нэвт дамжин өнгөрөх авто замаар тооцож энэ бүгдийг хийж байгаа.
Энэ төмөр замын зорилго бол Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангах, иргэдийн тав тухтай орчныг бий болгох юм. Улаанбаатар хотоор дамжин өнгөрч буй 34 төрлийн аюултай ачааг хот тойруулж гаргах зорилготой. Мөн дуу чимээг багасгаж, түгжрэлийг 30 хувиар бууруулах ач холбогдолтой төсөл. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд яригдаж хийсэн чухал төсөл" хэмээн мэдээлэл өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
