Лейпциг хотын нисэх буудалд гарсан дроны халдлагын ард Орос улс байсныг Германы эрх баригчид зарлав

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн сард Лейпциг хотын нисэх буудалд гарсан нисгэгчгүй онгоцны халдлагын ард Орос улс байсныг тогтоосноо Германы эрх баригчид Мягмар гарагт зарлажээ.

Наймдугаар сарын 4-ний өдөр Германы зүүн хэсгийн Лейпциг/Халле нисэх буудалд байрлаж байсан Украины ачааны онгоцны ойролцоо газраас тэсрэх төхөөрөмжтэй дрон олдож байсан юм.

Техникийн алдааны улмаас бөмбөг тэсрээгүй болохыг тухайн үед тогтоож байв. Өөр бас нэг дрон энэ үеэр тус буудалд газардаж байсан ачааны онгоцтой агаарт мөргөлдсөн ч ямар нэг аюул учруулаагүй юм.

Арав хоногийн дараа тус нисэх буудлаас гурав дахь дрон олдож байжээ.

Германы дотоод хэргийн сайд Александр Добринт уг халдлагыг “Европ дахь Оросын хайбрид дайны тогтсон хэв шинж”-ийг агуулсан үйлдэл гэж тодорхойлоод дахин ийм халдлага болох магадлалтайг анхааруулсан байна.

Берлин дэх ОХУ-ын элчин сайдын яам уг мэдэгдлийг “утга учиргүй” хэмээн няцаажээ.

Тагнуулын мэдээлэл болон ашигласан тоног төхөөрөмжийг шалгасны үр дүнд Оросын талаас зохион байгуулсан халдлага болохыг тогтоосноо Добринт тайлбарласан байна.

Хэвлэлийн хуралд Добринтын хамт оролцсон Германы гадаад хэргийн сайд Йоханн Вадефул уг халдлагын хариуд Бонн хот дахь Оросын консулын газрыг хаах, Берлин хот дахь Оросын Соёлын төвийн гэрээг цуцлах болсныг зарлажээ.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэр бас Оросын иргэдийг хилээр нэвтрүүлэхэд тавих шаардлагыг чангатгах, хоригт орсон Оросын газрын тосыг тээвэрлэдэг “сүүдрийн флот”-ын хөлгүүдэд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг энэ үеэр амласан байна.

Вадефул энэ асуудлаар Берлинд суугаа ОХУ-ын элчин сайд Сергей Нечаевыг дуудаж, эсэргүүцэл илэрхийлэхээр болсныг мэдээлжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Берлиний эрх баригчид терроризмыг ивээн тэтгэж байна” гэж хариу мэдэгдсэн нь Герман улсын Украинд үзүүлж буй тусламжийг хэлсэн хэрэг байв.

Тэрбээр Германы эрх баригчдын авсан арга хэмжээний эсрэг ижил төстэй арга хэмжээ авахаа анхааруулсан байна.

Лейпциг/Халле нисэх буудал нь Герман болон НАТО-гийн холбоотнуудын цэргийн ачаа тээвэрт ихэвчлэн үйлчилдэг бөгөөд Украинд үзүүлэх тусламжийн ачаа дамжин өнгөрдөг гол зам юм.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте өчигдрийн мэдэгдлийн дараа Герман улстай “эв санааны бүрэн нэгдэлтэй” байгаагаа илэрхийлжээ.

“Нотлох баримт тодорхой байна. Би Германы эрх баригчдын зарласан хариу арга хэмжээг сайшаан дэмжиж байна” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн юм.

Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Бид Оросын түрэмгийллийн эсрэг нэгдмэл байр суурьтай байна. Бидний эрх чөлөө, аюулгүй байдлыг алдагдуулахыг эрмэлздэг хэнийг ч бид зогсоох болно” гэж мэдэгджээ.

Тэрбээр Европын Холбоо удахгүй Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ зарлах гэж байгааг энэ үеэр мэдээлсэн юм.

Герман бол дайны эхнээс Украиныг тууштай дэмжсэн улсуудын нэг. Тус улсын канцлер Фридрих Мерцийн засгийн газар одоо гаднын халдлага, өдөөн хатгалгатай тэмцэхийн тулд тагнуулын байгууллагадаа илүү их эрх мэдэл өгөх асуудлыг хэлэлцэж байгаа.

Мерц ч бас өөрөө Оросын түрэмгийллийн эсрэг хангалттай арга хэмжээ авч чадахгүй байна гэсэн шүүмжлэлд өртөх болсон.

Тухайлбал эрх баригч Христийн Арчилсан Холбоо намын хууль тогтоогч Родерих Кизеветтер канцлерын Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг “шаардлагатай хэмжээнээс хол дутуу” гэж дүгнээд дуудагдсан Оросын элчин сайд “зүгээр л инээгээд өнгөрдөг” хэмээн шүүмжилжээ.

“Өөрийгөө тэргүүлэгч гүрэн гэж үздэг улсаас би өөрийгөө хязгаарлах, тайтгаруулах биш, харин зориг, шийдэмгий байдлыг хүлээж байна” гэж тэр хэлсэн байна.

Гэсэн хэдий ч Германы гол сөрөг хүчин, хэт барууны үзэлтэй AfD (Alternative für Deutschland) нам Украинд үзүүлэх дэмжлэгээ зогсоож, Оростой найрсаг харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа нь Мерцийн засгийн газарт дарамт учруулдаг.

Зүүн бүсийн Саксони-Анхальт мужид болох орон нутгийн сонгуульд AfD нам анх удаагаа мужийн түвшинд засгийн эрх авч болзошгүй болоод байгаа.

Мягмар гарагт Германы цагдаа нар зүүн Бранденбург мужийн цахилгаан станцаас гар хийцийн тэсрэх төхөөрөмж болон шатаагч хэрэгсэл илрүүлснээ шалгаж эхэлжээ.

Үүний улмаас дамжуулах шугамд түр зуурын гэмтэл гарсан юм. Тэсрэх төхөөрөмжийг хэн байрлуулсныг хараахан тогтоогоогүй байна.

 

Эх сурвалж: Reuters